Хяналт, Үнэлгээний Үндэсний хороо нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасан асуудлын хүрээнд яам, төрийн харьяа байгууллагууд болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага юм. Тус байгууллагын чиг үүргийнхээ дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн данхар бүтцийг багасгаж иргэдэд хурдан хугацаанд хүрч ажиллах, санал гомдлыг нь шийдвэрлэдэг байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг тус байгууллагын төлөөлөл хэллээ. Мөн нэн тулгамдаад байгаа асуудал болох эрчим хүчний салбарт хяналт шалгалт хийхээр болсон байна. Тухайлбал эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь тус салбарт уналтад орох нэг шалтгаан гэж үзжээ.
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв болох 1111 төвд жилд дунджаар 200 мянга гаруй иргэдийн гомдол мэдээлэл бүртгэгддэг ч өдийг хүртэл албан ёсоор шийдвэрлэгдсэн гомдол цөөн байгаа юм. Иймд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.