Сүүлийн 4 сарын хугацаанд Телеграм платформт дээр явагдсан гэмт хэргээс үүдэн иргэд нийт 10 гаруй тэрбум төгрөгөөр хохирчээ

Сүүлийн үед манай улсад Фейбсүүк хуудас гэлтгүй Телеграм платформ дээр ч иргэд гэмт хэрэгт өртөх нь ихэсжээ. Телеграм платформд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаарх зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Телеграм нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, дэлхий даяар 950 сая гаруй хэрэглэгчтэй болсон харилцааны платформ юм. Уг платформоор дамжуулан залилах, хуурамч зар тараах, хувийн мэдээлэл хулгайлах зэрэг гэмт хэргүүд түгээмэл гарч байна.
  • Сүүлийн 4 сарын хугацаанд манай улсад Телеграм платформ дээр явагдсан 619 гэмт хэрэг бүртгэгдэн, иргэд нийт 10 гаруй тэрбум төгрөгөөрөө хохирчээ.
  • Телеграм аппликейшн ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд хохирогчдын 70 орчим хувь нь 25-44 насныхан, 94 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байна.
  • Нийт хохирогчдын дийлэнх нь бүрэн дундаас дээш боловсролтой 3 хохирогч тутмын 2 нь эмэгтэй хүн эзэлж байна.

Энэ оны 7-р сараас эхлэн цагдаагийн байгууллагад “Гар утасны телеграм аппликейшныг ашиглан “Цагийн ажил буюу даалгавар биелүүлэх ажил хийж, мөнгө өсгөж өгнө” гэсэн зарын дагуу мөнгө байршуулж залилуулсан гэх гомдол, мэдээлэл нэмэгдэжээ. Энэ төрлийн залилах гэмт хэрэг нь бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар, тик ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар, өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар, өгөгдсөн интернет банкаар нэвтэрч гүйлгээ хийх даалгавар биелүүлэх зэрэг арга, хэлбэрээр явагдаж байна.

Түүнчлэн Телеграм даалгаврыг үе шатаар биелүүлэн мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг ба хэрэв даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэж шахалтад оруулж байгаа юм байна. 

Иймд иргэд өөрт хамаралагүй телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.