Нүд үрэвсэж, гүйлгэж, хатгаа болдог аденовирусний халдвар нийт халдварын 12.2 хувийг эзэлж байна
Өнөөдрийн байдлаар томуу томуу төст өвчний өвчлөл шар түвшин буюу идэвхжлийн түвшинд байгааг албаныхан мэдээлж байна. Амьсгалын замын зочмог халдварт өвчнөөр өвчилсөн нийт өвчлөлүүдийн 12.2 хувийг аденовирус эзэлж байгаа юм байна. Тус вирусний халдвар нь амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалагийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм байна.

ЭХЭМҮТ-өөр нэг өдөрт 300-400 хүүхэд томуугийн шинж тэмдэгтэйгээр үйлчилгээ авч байгаа юм байна. Томуу, томуу төст өвчин нь агаар дуслын замаар халдварладаг тул бага насны хүүхэд эмнэлгээр бус гэрээр, анхан шатны өрхийн эмнэлгээр эмчлүүлэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна.

Сүүлийн өдрүүдэд аденовирусний шалтгаантай халдвар зонхилон тохиолдож байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Уг вирусний халдвар нь амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм байна. Томуугийн дэгдэлтийн үед амьсгалын замын вирусний халдварт өвчний 25-30 хувийг аденовирусийн халдвар эзэлдэг юм байна.

Энэ сарын 3-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай оношлогдсон байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг дэлгэжээ. Түүнчлэн яаралтай түргэн тусламжийн нийт дуудлагын 12 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага эзэлж байна

Тэгвэл Хан-Уул дүүргийн хэмжээнд сүүлийн 1 сарын хугацаанд амбулаториор 115.081 хүн үйлчилгээ авснаас 382 нь буюу 3.2 хувь нь томуу томуу төст өвчний улмаас тусламж үйлчилгээ авчээ. Мөн үйлчилгээ авсан нийт өвчлөгсдийн 76 хувийг 0-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.

Түүнчлэн хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчлөлийг эрт үед нь эмчлэхэд анхаарч, аймаг, дүүргийн эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах зорилгоор хөнгөн үед нь өрх, сумын эмнэлгүүдэд хүүхдийн өдрийн болон гэрийн цогц эмчилгээг хийх тарифыг баталжээ. Энэ нь нэг ёсондоо иргэд заавал дүүргийн эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэхгүй, өрхөөсөө үнэгүй эм аваад гэрээр эмчлэх боломжоор хангах ажлыг хийж байгаа юм байна.

Өнгөрөгч 9-р сараас эхлэн 320 мянган хүн тун вакциныг хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар вакцинжуулалт 90 орчим хувьтай үргэлжилж байгаа юм байна. Нэг тун вакцины үнэ 26 мянган төгрөг бөгөөд хүүхэд өвдөж эмнэлэгт хэвтэх эсвэл, эм тариа авлаа гэхэд 100-200 мянган төгрөг давдаг тул эрт үед нь вакцинжуулалтад хамрагдаж арга хэмжээ авснаар мөнгө санхүү болоод эрүүл мэндээрээ ч хохирохгүй гэдгийг салбарынхан хэлж байсан юм.