БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян дэлхийн эдийн засгийг тогтворжуулахын тулд нээлттэй байхаа амлажээ
Өнөөдөр буюу Мягмар гарагт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Шанхай хотноо үргэлжилж байгаа олон улсын экспогийн нээлтийн үеэр дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд Бээжингийн зүгээс худалдааны түншүүдээсээ илүү их бараа бүтээгдэхүүн импортлохоо амлажээ. Хятадын олон улсын импортын экспо арга хэмжээнд 1000 гаруй бизнес эрхлэгч болон олон улсын төрийн түшээд оролцож байгаа юм байна.

Түүнчлэн Ли Чян Хятадын эдийн засгийн тодорхойгүй төлөв байдлыг засаж сайжруулахын тулд хамтарсан хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг олон улсын удирдагчид болон бизнес эрхлэгчдэд хэлжээ. Тэрээр "Цаашид Хятад улс зах зээлээ нээж, бусад улс оронтой боломжоо хуваалцах арга хэмжээ авах нь гарцаагүй. Мөн хятад улс эдийн засгийнхаа өсөлтийг хангах чадвартай бөгөөд өөрийнхаа арга барилаар дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа” гэдгээ онцлон тэмдэглэжээ.

Гэхдээ Ли Чяны мэдэгдэл Хятад улс эдийн засгийн өсөлт нь зогсонги байгаа чухал үед гарч байна. Санхүүгийн жилийн гуравдугаар улиралд Хятадын эдийн засаг жилийн 4.6 хувийн өсөлттэй байсан нь 2023 оны дунд үеэс хойших хамгийн сул өсөлт болжээ. Энэ нь Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 1-9 дүгээр сард 4.8 хувиар өссөнийг илтгэж байгаа бол бээжингийн өсөлтийн зорилт нь багадаа 5 хувь гэж төсөөлж байгаа юм.

Өнгөрсөн 9-р сард БНХАУ-ын Коммунист нам эдийн засгийн өсөлтийн хурдаа нэмэхийн тулд мөнгөний бодлого, хөрөнгийн салбарыг дэмжих зэрэг томоохон багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Харин энэ талаар Ли Чян хэлэхдээ Хятад улсад эдийн засгийн өсөлтөө багтаах хангалттай орон зайн байгаа төдийгүй тодорхой хугацааны буюу мөчлөгийн удаашралтай тэмцэхийн тулд илүү том хэмжээний төсвийн урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх боломж байгааг уламжилжээ.

2018 онд буюу Хятад, Америкийн худалдааны дайны эхэн үед Бээжин зүгээс түншийн харилцаагаа өргөжүүлэх зорилгоор импортын бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн дэлхийн хамгийн том экспог зохион байгуулсан нь уламжлал болон тогтжээ.