АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий зураглалыг танилцууллаа
Орон нутгийн цагаар өнөөдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлэх юм. Дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойлох, Украины дайныг шийдвэрлэх, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаах зэрэг өндөр ач холбогдолтой сонгуулийн ерөнхий зураглалыг Өрнөдийн хэвлэлүүд танилцууллаа.

Даваа гарагт Камала Харрис, Доналд Трамп нар ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөхөө шийдэж чадаагүй сонгогчдыг татах зорилгоор санал хуваадаг, савалгаатай долоон мужийн сонгогчидтой уулзжээ.

Өнгөрсөн долоо хоногт New York Times сэтгүүлээс Пенсильваниа мужийн оршин суугчдын дунд явуулсан урьдчилсан санал асуулгаар Трамп, Харрис нар ижил тэнцүү буюу тус бүр 48 хувийн саналыг авчээ. Гэсэн хэдий ч энэ урьдчилсан санал асуулгын дүн эцсийн үр дүнг шийдвэрлэхгүй бөгөөд сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээс харахад нэр дэвшигчид тэргүүлэгч байр сууриа байнга сольж байгаа тул савалгаатай долоон мужийн сонгогчдын сонголтоос бүх зүйл хамаарах төлөвтэй байгааг илтгэж байна. Тулааны гол талбар нь Пенсильвани, Хойд Каролина, Жоржиа, Мичиган, Аризона, Висконсин, Невада мужууд гэж үзэж байна. Эдгээр мужийн оршин суугчид нь сонгууль болгоноор Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намыг ээлжлэн сонгодог тул савалгаатай сонгуулийн бүс гэж тодорхойлжээ.

Камала Харрис сонгуулийн компанит ажлаа хаасан мэдэгдэлдээ улс орныг нь хагалан бутаргаж болзошгүй, туйлширсан сонгуулийн дараа иргэдийнхээ шархыг эдгээхэд анхаарал хандуулахаа онцолжээ. Даваа гарагт тэрээр Араб гаралтай Америкийн иргэдтэй уулзжээ. Энэ үеэр Камала Харрис “Ойрх Дорнодын зэвсэгт мөргөлдөөний уршгаар олог гэм зэмгүй Палестин хүүхдүүд амиа алдаж байгаа төдийгүй хурцадмал байдлыг намжааж, барьцааны хүмүүсийг суллахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ мэдэгджээ.

Тэгвэл ажлын эхний өдөр Доналд Трамп Мичиган мужийн сонгогчидтой уулзаж, Мягмар гарагт сонгуулийн ялалтаа зарлахдаа бэлдэж байгаа бөгөөд Ардчилсан намынхан хүчирхэг Америкийг устгаж байна гэж буруутгажээ. Мөн өнгөрсөн хугацаанд Ардчилсан намынхны түгээсэн хуурамч мэдээлэлд автаж түүнийг хөнөөхийг завдсан хүмүүсийг тэрээр буруутгахгүй гэдгээ онцолжээ.