Ирэх оны төсвийг 11-р сарын 15-аас өмнө батлах ёстой ч гишүүдийн ирц хангалтгүй хэвээр байна
Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа чухал цаг үед гишүүдийн ирц хангалтгүй байгаа асуудал дахин хөндөгдлөө. Өнөөдөр УИХ дахь Төсвийн Байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хороод хуралдаж Монгол улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Гэсэн хэдий ч гишүүдийн ирц хангалтгүй байсан юм. Учир нь нийт 25 гишүүн ерөнхий сайдыг дагалдаж томилолтод явсан байна.

УИХ дахь Байнгын хороодын хуралдаанаар Монгол улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг болон гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Гэсэн хэдий ч ирц хангалтгүйгээс шалтгаалан товлосон цагтаа хуралдаан эхэлж чадаагүй юм. Тэгвэл төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед зарим гишүүд томилолтоор ажиллахыг илүүд үзжээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард улсад Монгол улсын Ерөнхий сайд Шанхайн экспод оролцохоор айлчлал хийж байгаа бөгөөд ерөнхий сайдыг дагалдан парламентад суудалтай улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

Энэ сарын 15-аас өмнө ирэх оны төсвийг хэлэлцэн батлах заалттай. Гэвч төсөв тойрсон маргаантай асуудлууд цөөнгүй байгаа юм. Тухайлбал, гишүүдийн зүгээс ирэх оны төсөвт танаж болох олон төсөл хөтөлбөр байгаа гэх шүүмжлэл бий. Ирэх оны төсвөөс ойролцоогоор 3- 5 хүртэлх их наяд төгрөгийг танах боломж байгаа гэж үзэж байгаа юм.