АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп Флорида мужид дэмжигчдийнхээ өмнө сонгуульд ялалт байгуулснаа зарлалаа. Мөн өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр Доналд Трамп тодорлоо гэж мэдээлж байна. Тэгвэл сонгууль бүрээр Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намыг ээлжилж сонгодог савалгаатай долоон мужийн гуравт нь буюу Пенсильвани, Жоржиа, Хойд Каролинад Доналд Трамп сонгогчдын дэмжлэгийг авч чаджээ.
Мягмар гарагт АНУ-ын иргэд ерөнхийлөгчийн сонгууль болон Конгрессын хоёр танхимын 535 гишүүнийг тодруулах санал хураалтад оролцлоо. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг зарлахаас өмнө Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгуулахад шаардлагатай 270 төлөөлөгчийн саналыг цуглуулснаа мэдэгдэж, ирэх 4 жилийн хугацаанд Цагаан ордны бодлогыг тодорхойлохоо хэллээ. Мөн одоогоор ану-ын хууль тогтоох дээд танхим буюу Конгрессын Сенатын танхимд Бүгд Найрамдахчууд хяналтаа тогтоох нь гарцаагүй болжээ.
Мягмар гарагт ерөнхийлөгчийн санал хураалттай зэрэгцэн Конгрессын сонгууль болж сенатын 100 суудлаас 34-ийг нь тодруулжээ. Тэгвэл сонгуулиас өмнө Ардчилсан намынхны хяналтаа тогтоож байгаа Сенатын танхимд Бүгд Найрамдахчууд олонх болж чаджээ. Бүгд Найрамдахчууд 2022 оны завсрын сонгуулиар төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосон нь ардчилсан намаас нэр дэвшсэн ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд хуулийн төсөл, төсвийн төслийг конгрессоор дамжуулан батлахад хүндрэл учруулж байсан юм. Тэгвэл хууль тогтоох доод байгууллага буюу төлөөлөгчдийн танхимд аль нам хяналтаа тогтоох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.