Манай улсад хамгийн анх 2017 онд аппликэйшнээр зээл олгох үйлчилгээг банк бус санхүүгийн хоёр байгууллага нэвтрүүлж байснаас хойш энэ тоо тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар Санхүүгийн Зохицуулах хороонд 60 орчим зээлийн аппликэйшн бүртгэлтэй байна. Энэ нь нэг талдаа санхүүгийн асуудлаа хялбар шийдэх гарц мэт боловч нөгөө талдаа иргэдийн санхүүгийн сахилга батыг шалгаж, улмаар зээлийн тойрогт оруулах сөрөг нөлөөллийг бий болгож байгааг дараах тоо баримтаас харж болохоор байна.
-
2021 онд манай улсын нэг сая иргэн зээлийн аппликэйшн ашигладаг, нэг удаагийн зээлээр 300-500 мянган төгрөг авдаг байжээ.
-
Харин 2023 оны байдлаар нийт насанд хүрсэн иргэдийн 70 гаруй хувь нь буюу 1.6 сая иргэн аппликэйшны зээлтэй байна. Эдгээр иргэдийн нийт зээлийн хэмжээ 3.7 их наяд төгрөг байгаа юм. Зүйрлэж үзвэл, банк бус санхүүгийн байгууллагуудын иргэдэд олгосон зээлийн мөнгөн дүн манай улсын нийт төсвийн 15 орчим хувийг эзлэхүйц өндөр дүнд хүрсэн байна.
-
Тэгвэл зөвхөн энэ он гарснаас хойш эхний 6 сарын байдлаар иргэд зээлийн аппликэйшнээс давхардаагүй тоогоор нийт 1 их наяд төгрөгийн зээл авчээ.
-
Нэг иргэн багадаа 2-3 аппликэйшн ашигладаг бөгөөд нэг аппликэйшнээс дунджаар 500 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн зээл авдаг байна.
Үүнээс гадна Санхүүгийн Зохицуулах хороонд бүртгүүлээгүй ч иргэдэд зээл олгож байгаа аппликэйшнүүд ч олон байна. Эдгээр зээлийн аппликэйшныг ердөө гар утсандаа татаж суулгаад л ашиглах боломжтой учраас иргэдийн дийлэнх нь ийнхүү аппликэйшны зээлтэй байна.
Аппликэйшны зээл нь нэг талдаа иргэдэд хамгийн боломжит нөхцлөөр зээлийн үйлчилгээг санал болгож байгаа ч зээлийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих боломжгүйн улмаас буруу сэдлээр ашиглагдах тохиолдол цөөнгүй байна. Сүүлийн жилүүдэд сэмүт-д мөрийтэй болон цахим тоглоомд донтох эмгэгээр үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь аппликэйшнээс зээл авч мөрий тавьсан байна.
Харин өдөр тутмын хэрэглээ, яаралтай шаардлагатай үедээ зээл авч байгаа иргэд байгаа ч тухайн зээлүүд нь даамжирсаар өрийн тойрогт оруулах эрсдэлтэй байна. Үүнд сэтгэл зүйн асуудал ч хөндөгдөж байна.
Зээл авч байгаа иргэн тухайн зээлээ юунд, хэрхэн зарцуулахыг өөрөө шийдвэрлэх эрхтэй ч санхүүгийн сахилга батын тухай ойлголтгүй, эсвэл анзаардаггүй байх тохиолдол элбэг байна. Угтаа зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн зээлийн давтамж, түүнтэй холбоотой орлого зардлагын бүртгэлийг үүсгэх боломжтой ч өнөөдрийн байдлаар энэхүү тогтолцоо ч мөн үүсээгүй байна.
Банкны салбар нэгдсэн системээр үйл ажиллагаа явуулдаг бол банк бус санхүүгийн байгууллагын олгож байгаа зээлийн аппликэйшнуудын нэгдсэн систем манай улсад байдаггүй. Нөгөөтэйгүүр хурдацтай хөгжиж байгаа энэ салбарын хууль эрх зүйн орчин ч дутмаг байна.
Ийнхүү зээлийн аппликэйшн иргэн зээл авах үйл явцыг хялбаршуулж байгаа ч хэт хөөсөрсөн өндөр хүү, дампуурал зэргээс шалтгаалж гэрээ зөрчигдөх тохиолдлууд ч элбэгшиж байгаа юм. Эцсийн дүндээ тухайн зээл олгогч аппликэйшн үйл ажиллагаагаа зогсооход зээлдэгч иргэн хохирч үлдэх эрсдэлтэй. Тиймээс иргэд санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэгт суралцах зайлшгүй шаардлага байна.