ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар соёлын салбар дэлхийд 2.2 их наяд долларын зах зээлийг бий болгож 29 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа гэж тодорхойлжээ. Дэлхийн экспортоор харьцуулбал уул уурхайгаас 6.4 дахин том салбар болж байгаа юм. Энэ том зах зээлд манай улс ч мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан жил бүрийн 11-р сарыг соёлын бүтээлч сар болгон зарлаж, дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Соёлын бүтээлч сарын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол Улсын Филармоны гоцлол хөгжимчдөөс бүрдсэн цөөхүүл болон гоцлолд зориулсан тоглолт монголд анх удаа тоглогдсоноороо онцлог байна.
Мөн өнөөдөр Кино Урлагийн Үндэсний зөвлөлөөс кино урлагийн салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, олон талт чадварыг хөгжүүлэх зорилгоор “Кино найруулагч гэж хэн бэ?, Мэргэжлийн ур чадвар ба авьяас” сэдвүүдийн хүрээнд мэргэжлийн уран бүтээлчид болоод сонирхогчдод зориулсан сургалтыг явууллаа.
Энэ 11-р сард “Соёлын өв”, “Урлаг-Уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спорт” гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 2000 орчим арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор зохион байгуулах юм байна. Ингэснээр соёлын хүртээмжийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг дэмжин цаашид хэрхэн, яаж хөгжүүлэх ерөнхий зураглалыг гаргах зорилт тавьжээ.