Австрали улсын эрх баригчид 16 болон түүнээс доош насны хүүхдийн цахим хэрэглээг бүхэлд нь хориглохоор бэлтгэж байна
Өнөөдөр буюу Пүрэв гарагт Австралийн эрх баригчид 16 болон түүнээс доош насны хүүхдийг цахим сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг батлах төлөвтэй байна. Тус улсын ерөнхий сайд Энтони Албанезе уг санаачилга нь дэлхий дахин анхдагч бас зөв үлгэр жишээ болно гэдгийг онцолжээ.

Ирэх оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулийн дагуу австралийн 16-аас насны хүүхдүүд сошиал медиа платформд эцэг эхийн зөвшөөрөлтэй байсан ч нэвтрэх эрхгүй болох төдийгүй хүүхдийн насыг баталгаажуулах систем ашиглагдах юм байна.

Лхагва гарагт Австралийн ерөнхий сайд Энтони Албанезе "Сошиал медиа нь хүүхдүүдийн бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг хэлж, хуульдаа өөрчлөлт оруулж, хяналтыг чангаруулснаар хоосон тоглоомын талбайг хүүхдүүд дүүргэнэ” гэдгийг хэлжээ.

Олон нийтийн сүлжээг хэтрүүлэн ашиглах, тэр дундаа охидын биеийн дүр төрхийг хиймэл оюун ухаан болон янз бүрийн апп-ийн тусламжтайгаар өөрчлөн дүрслэх, хөвгүүдэд чиглэсэн мизогинист контент зэргээс үүдэн хүүхдүүдийн бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг Энтони Албанес дурджээ.

Мөн цахим орчин дахь дээрэлхэлт, хиймэл дүр эсгэх, хүний наймаа, эрүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэл зэрэг нь дөнгөж төлөвшиж байгаа хүүхдийн төлөвшилд туйлын сөрөг нөлөөтэй гэж австралийн засгийн газрын тэргүүн үзэж байна. Мөн тус улсын сөрөг хүчний Либерал намын хууль тогтоогчид хуулийн төсөлд дэмжлэг үзүүлэхээ хэдийн илэрхийлээд байна юм. Харин хуулийг зөрчиж сошиал хаяг нээж, улмаар гэмт хэргийн хохирогч болох, бие сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарах юм бол эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд зөвхөн тухайн цахим сүлжээг хариуцаж байгаа компани, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох зохицуулалттай байна.