Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын  үр дүн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой болжээ. Тус улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төсөл багтаж байна.  Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудал шийдэгджээ.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай дахь эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж бололцоо бүрдэх юм байна.

Энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгожээ.

  1. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээл

  2. Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээл

  3. Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал,

  4. Монгол улсын эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,

  5. Монгол улсын стандарт, хэмжил зүйн газар болон бнхау-ын зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагаа

  6. Монгол улсын монополын эсрэг газар болон БНХАУ-ын зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах 

  7. Монгол улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол,

  8. “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай монгол улсын засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд хүчин төгөлдөр болж байна.

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болжээ.