Ус Сувгийн Удирдах газраас өнгөрсөн 6-р сард яармаг орчмын 4.8 км урттай чанаргүй гол шугам хоолойг солих ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш шугам хоолой нийлүүлэх компанийн тендер 2 ч удаа зарлаж удаашраад байсан. Тэгвэл өнөөдөр цэвэр усны шугмыг солих ажил эрчимтэй явж байна. Одоогоор нийт 4.5 км ган хоолойг хуванцраар сольж станадартад нийцүүлжээ. Үлдсэн 300 метр цэвэр усны шугамыг солих, худгийн монтажыг холбох ажлууд үлдээд байгаа юм байна. 11-р сарны 15-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа талаар тус ажлыг гүйцэтгэгч УСУГ-аас мэдээллээ.
Стандартад нийцээгүй ган шугам хоолойг суурилууснаас шалтгаалж яармагийн өрх айлууд зэвтэй ус хэрэглэж эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амсаж багагүй хугацаа өнгөрсөн. Нийтдээ 4.8 км урттай энэхүү стандартын бус зэв үүсгэж байгаа хоолойг бүрэн сольж дууссаны дараа нэг өдрийн турш усны хязгаарлалтыг хийж орон сууцны хорооллуудыг шинэ цэвэр усны шугамд холбох ажил явагдах юм байна.
Яармаг орчмын хотхон хорооллын усанд зэв үүсгэж байгаа стандартын шаардлага хангаагүй усны шугамыг солих ажилд нийслэлийн төсвөөс 6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм. Хэрэв энэ гол шугам хоолойг сольсон ч ус нь зэвтэй, үнэртэй, тостой гарч байвал орон сууц барьсан компанидаа шаардлага тавьж өөрийн байр луу татсан шугамыг солиулах хэрэгтэй юм. Цаашлаад зөвхөн яармаг орчмын байр гэлтгүй нийслэлийн олон байршилд чанаргүй шугам хоолой тавьсанаас үүдэж усны асуудал үүсэж байна. Тиймээс тухайн барилгыг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагатай байх хэрэгтэй байгаагаас гадна чанаргүй шугам хоолой тавьж байгаа барилгын компаниуд ч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй гэдгийг оршин суугчдын зүгээс хэлж байна.