Гэвч 2024 онд дэлхийг халуун агаарын урсгал нөмөрч, хэт халалт үргэлжилж, Эль-Нино үзэгдлийн давтамж нэмэгдсэний уршгаар далайн шуурга, хар салхи дэгдэж, үерийн гамшиг өргөн хүрээг хамарч эрдэнэт хүний амь нас, иргэний дэд бүтцийг устгаж, үнэлж баршгүй гарз хохирол учруулжээ.
Эрдэмтэн, судлаачид ирэх долоо хоногт Азербайжан Баку хотноо болох COP29 буюу НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын өмнө нийтэлж байна. Энэ уулзалтаар дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд гарч байгаа ахиц дэвшлийг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх төсөл, ажил хэргээ танилцуулдагаас гадна хөрөнгө санхүүг төсөвлөх, тохиролцоонд хүрэх ач холбогдолтой байна.
2024 оны 1-10-р сар хүртэл дэлхийн дундаж температур өндөр байгаа төдийгүй үлдсэн хоёр сарын хугацаанд дорвитой өөрчлөлт гарахгүй гэж судлаачид үзэж байна. Аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850-1900 оноос өмнөх үетэй харьцуулахад дэлхийн дундаж температур энэ жилийн эхний 10 сарын байдлаар хэдийн цельсийн 1.5 градуст хүрээд байна. Өнгөрсөн 2023 онд энэ өсөлт 1.48 градуст хүрч дээд үзүүлэлт тогтоож байсан юм.
Нүүрс, газрын тос, байгалийн хийн шаталтаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал нь дэлхийн дулаарлын гол шалтгаан болж байна. Ерөнхийдөө хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дулаарал нь уур амьсгалын нөхцөл байдлыг дордуулж байгааг судлаачид хэлжээ.