ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Д.Трампыг АНУ-ын төрийн тэргүүнээр тодорсонд баяр хүргэж, аливаа яриа хэлэлцээнд бэлэн гэдгээ илэрхийлжээ
Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп-д баяр хүргэхийн сацуу зэвсэгт этгээд түүний амийг хөнөөх гэж оролдох үед эр зориг гаргасныг нь магтжээ. Мөн В.Путин Москва Бүгд Найрамдах намаас сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчтэй бүх түвшинд, аливаа асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгийг хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарснаас хойш анир чимээгүй байсан В.Путин өнгөрсөн хоногт анх удаа Д.Трампын ялалтын талаарх байр сууриа илэрхийлжээ. В.Путин юуны түрүүнд Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Д.Трампт баяр хүргэж, өнгөрсөн 7-р сард сонгуулийн цуглааны үеэр буудуулсан ч эр зориг жинхэнэ эр хүн шиг аашилсныг нь магтаж, сурталчилгааны компанит ажлаа үргэлжлүүлснийг нь сайшаажээ. ОХУ-ын Хар Тэнгисийн эрэг дээрх Сочи хотод "Валдай" хэлэлцүүлгийн чуулганы үеэр В.Путин дээрх тайлбарыг өгсөн байна.

Мөн Доналд Трампын сонгуулийн амлалтын нэг болох Украин болон Орос хоёулантай нь харилцаагаа нэг түвшинд барих, мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөө нь анхаарал татахуйц байгаа гэж В.Путин хэлжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэрвээ сонгогдвол 24 цагийн дотор Украинд энх тайвныг тогтоож чадна гэж мэдэгдсэн ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европ дахь хамгийн том хуурай замын дайныг хэрхэн зогсоох төлөвлөгөө, арга замынхаа талаар бараг тайлбарлаагүй юм. Тэгвэл Пүрэв гарагт В.Путин цаашид юу болохыг мэдэхгүй бөгөөд Трампын төлөвлөгөөний талаар ямар нэгэн ойлголт байхгүй гэдгийг онцолжээ. Гэхдээ тэр Доналд Трамптай биечлэн уулзаж, хэлэлцээний ширээний ард тулгамдсан асуудлаа хэлэлцэж, Москва Вашингтоны харилцааг эргэн сэргээхэд нээлттэйг хэдэнтээ хэлжээ.

Мөн 1991 онд ЗХУ задран унаснаас хойш Барууны орнууд ОХУ-ыг хэзээ ч эрх тэгш түншээ гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Москваг битүүхэндээ ялагдагч гэж үзэн дарамталж, нөлөөллөө мэдрүүлсээр өдийг хүрсэн гэж В.Путин буруутгажээ. Түүнчлэн В.Путин Оросын хамгийн найдвартай түнш бол БНХАУ гэдгийг цохон тэмдэглэжээ.