Тангараг өргөхөөс нь өмнө барьцааны хүмүүсийг суллахгүй бол “Хамас”-ын гишүүдийг тамд унагахаа Д.Трамп амлав
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Палестины “Хамас” зэвсэгт байгууллагынханд  барьцаалагдсан Израил иргэдийг суллахыг анхааруулсан юм. Тодруулбал ирэх сарын 20-нд түүнийг ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө олзлогсдыг болзолгүйгээр суллахгүй бол Хамас-ын гишүүдийг “Тамд унагана” гэдгээ мэдэгдсэн байна .

Өнгөрсөн 2023 оны 10-р сард “Хамас” зэвсэгт байгууллагын гишүүд Израил руу хийсэн дайралтынхаа үеэр 250 гаруй энгийн номхон иргэнийг барьцаалсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 гаруй олзны хүнийг нь чөлөөлсөн юм. Тэгвэл тэдгээр барьцаалагдсан хүмүүсийн тал хувь нь Израил, Америкийн давхар иргэншилтэй байсан тухай мэдээлсэн. Газын зурваст хоригдож байгаа гадаадын болон Израилын гээд нийт 101 барьцааны иргэн байгаа гэх албан бус тооцоолол байгаа төдийгүй тэдгээрийн тал хувийг эсэн мэнд байгаа гэж үзэж байна. Мөн өнгөрсөн Даваа гарагт “Хамас”-ын зүгээс Израилын пуужингийн цохилт, хуурай замын байлдааны ажиллагааны үеэр 30 гаруй барьцааны хүн амь эрсэдсэн гэж мэдэгдсэн юм. 

Харин Д.Трамп өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа Израил, Хамас, Газын зурвастай холбоотой асуудлаар ойлгомжтой, тодорхой тайлбарыг өгсөн байна. Тэрбээр “Хэрэв АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг бахархалтайгаар хүлээн авах өдөр буюу ирэх сарын 20-ноос өмнө барьцааны хүмүүсийг суллахгүй бол хүн төрөлхтний эсрэг харгислал үйлдсэн гэм буруутнууд тамд унах болно. Түүхийг эргэн сөхвөл бид ийм нүгэлтнүүдэд урт хугацаанд хариуцлага тооцсоор ирсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн Бямба гарагт  Исламын “Хамас” зэвсэгт байгууллага Газын зурваст гал зогсоох хэлэлцээр гацсан хэвээр байгаа энэ үед Израил болон Өрнөдийнхөнд шахалт үзүүлэх зорилгоор барьцаалагдсан нэгэн этгээдийн дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Дүрс бичлэгт нэгэн залуу толгойгоо барин уйлж, яаралтай тусламж үзүүлэхийг Д.Трамп болон Б.Нетаньяхугаас гуйж байсан юм. Израилын Засгийн газар “Хамас”-ыг устгаж, барьцааны хүмүүсээ суллах хүртэл мөргөлдөөнийг зогсоохгүй гэдгээ мэдэгдсээр байгаа төдийгүй мөргөлдөөн хурцадмал хэвээр байна.