Хавдрын Хоёрдугаар эмнэлгийн бүтээн байгуулалтад 170 сая орчим ам.доллар шаардлагатай 

Ирэх оны төсвийг дахин хэлэлцэж байгаа энэ цаг үед шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилд төсөв хуваарилах шаардлагатай гэж зарим гишүүд үзэж байна. Хавдрын шинэ эмнэлэг барих асуудлыг 2020 оноос ярьж эхэлсэн ч санхүүжилтийн асуудал шийдэгдэлгүй 5 дах жилтэйгээ золгож байна. Учир нь ирэх оны төсөвт ч барилгын санхүүжилтийг тусгаагүй юм. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд ганцхан байгаа эмнэлэг нь ачааллаа дийлэхээ больж, Монгол улс хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна.

  • Анх 2021 онд тухайн үеийн барилгын сайдын багцад хавдрын эмнэлгийн зураг төслийн хөрөнгө батлагдаж байжээ. Улмаар Барилгын яам тендер зарлаж зураг төслийг гүйцэтгэгч компанийг сонгосон байна.
  • Тус компани анх 990 сая төгрөгөөр хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг хийнэ гэж байсан ч он дамжсаар 2023 онд 3.8 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байна. Тухайн үедээ үлдэгдэл санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн яам шийдэж өгөхөөр болж улмаар 2024 оны улсын төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөн дэд бүтцийг хийж, 2025 онд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байжээ.
  • Гэвч энэ онд дахин барилгын зураг төслийг боловсруулах тендер зарлаж, өөр компанийг сонгон шалгаруулсан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хавдрын шинэ эмнэлэг барихад 170 сая орчим ам.доллар шаардлагатай гэх тооцоолол гарчээ. Харин ирэх оны төсөвт энэ мөнгө тусгагдаагүй байгаа юм.
  • Тиймээс Хавдрын Хоёрдугаар эмнэлгийн бүтээн байгуулалтыг хурдасгахаар УИХ-ын гишүүд санаачилга гаргаж, 20 гаруй гишүүн нэгджээ. Тэд тус бүтээн байгуулалтын зураг төслийн ажилтай зэрэгцэн дэд бүтцийг бэлдэх, газрын хашаа болон бусад бэлтгэл ажлыг яаралтай гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн байна.
Манай улсад жил бүр 7000 гаруй хүн хавдрын өвчнөөр оношлогддог бол 4000 гаруй хүн хавдрын шалтгаанаар нас бардаг байна. Улсын хэмжээнд ганцхан хавдрын эмнэлэг ажиллаж ачааллаа даахгүй хүндхэн нөхцөл байдалд байна. Тэгвэл иргэд олон нийт болоод салбарынхны зүгээс Хавдрын 2-р эмнэлэг баригдана гэсэн хүлээлттэй байсан ч төсөв мөнгөний асуудлаас шалтгаалан уг ажил 5 жил орчим царцсан байдалтай байна. Мөн ирэх 2025 оны төсөвт уг ажлыг  урагшлуулахад шаардлагатай хөрөнгө хуваарилна гэх хүлээлт байсан ч техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй гэх шалтгаанаар төсөв хуваарилах боломжгүй гэж үзэж байжээ.

Тэгвэл ирэх оны улсын төсвийг дахин хэлэлцэж байгаа энэ цаг үед нэр бүхий гишүүдийн зүгээс хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах төсөв хуваарилах шаардлагатай гэж үзэн гишүүд санал гаргажээ. Одоогийн байдлаар уг саналыг дэмжин 20 гаруй гишүүд гарын үсэг зуржээ. Өмнөх Эрүүл мэндийн сайд асан Чинзоригийн мэдэгдэж байснаар энэхүү бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад урьдчилсан тооцооллоор 90 гаруй сая ам.доллар буюу 400 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардагдана гэдгийг мэдэгдэж байсан. Тэгвэл төсөв мөнгөний асуудал шийдэгдэлгүй цаг хугацаа алдсанаар төсөв нь нэмэгдэн 170 сая орчим ам.доллар шаардагдах юм тооцоолол байна. Мөн хавдрын эмнэлэг барих  газрын асуудал шийдэгдсэн байна.

Одоогоос 42 жилийн өмнө буюу 1982 онд ЗХУ-ын тусламжтайгаар барьж ашиглалтад оруулсан улсдаа ганцхан байдаг Хавдар Судлалын Үндэсний төвийн дотоод орчин нөхцөл муудаж, сан техникийн шугам хоолой нь элэгдсэнээр цэвэр бохирын асуудал нь ч хүндэрчээ. Одоог хүртэл Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа нь төрийн оролцоотой ажил төвөгтэй  байдлаар явагддагийн нэг илрэл гэх олон нийтийн шүүмжлэл байна.