2012 онд Орос, Гүрж хоёр улсын хооронд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг Бидзина Иванишвилигийн үүсгэн байгуулсан “Гүржийн мөрөөдөл” нам анх олон нийтэд танигдахдаа кавказын тус улсыг европын холбооны гишүүн болгож, эдийн засгийн хувьд хүчирхигжүүлэх амлалт өгч байжээ.
Харин Украины дайн эхэлсний дараагаар эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам хэт Оросын талыг баримтлах болсон нь нууц биш юм. Тус улсын Ерөнхий сайд Иракли Кобахидзе өнгөрсөн долоо хоногт Гүрж улс 2028 оныг дуустал Европын холбоонд нэгдэх тухай яриа хэлэлцээнд оролцохгүй гэдгээ ил тод мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр уг шийдвэрээ танилцуулахаас өмнө Европын Парламент өнгөрсөн 10-р сард болсон Гүржийн бүх нийтийн сонгуулийг хүчин төгөлдөр бус хэмээн тодорхойлж, Москвагийн нөлөө орсон гэж үзэж байгааг ил тод мэдэгдсэн.
Тэгвэл Гүржийн иргэд өөрийн улс орноо Европын холбоонд элсэх ёстой гэх байр сууринд бат зогсож байна. Сүүлийн тав хоногт Гүржийн иргэд өөрийн хүсэл зоригдоо хөтлөгдөн Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагссаар байгаа юм. Үүнээс үүдэн хууль хүчний байгууллага болон идэвхтнүүдийн хооронд мөргөлдөөн гарч нөхцөл байдал хурцдаж байгаа тухай Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.
Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили болон Европын холбоонд гишүүнээр элсэхийг дэмжиж байгаа сөрөг хүчний намууд сонгуулийн үр дүнг хууль бус гэж үзэн ахин санал хураалт явуулахыг уриалж байна.
Тэгвэл Мягмар гарагт Гүржийн Дээд шүүх 10-р сарын 26-нд болсон Парламентын сонгуулийн дүнг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзсан нь гал дээр тос нэмсэн үйлдэл болжээ. Ийнхүү Засаглалын хямралд нэрвэгдсэн Гүрж улс дахь нөхцөл байдлыг Европын холбоо болон ОХУ-ын эрх баригчид анхааралтай ажиглаж байна.