УИХ-ын дарга: Зарим гишүүд дэгийн тухай хуулиа уншаагүй, судлаагүй байна
2025 оны төсөв хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийг хэлэлцсэнтэй холбогдуулан зарим гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлсэн юм. Гэсэн ч УИХ-ын даргын зүгээс тэднийг хуулиа уншаагүй, судлаагүй байна гэсэн шүүмжлэл хүртээжээ.

Энэ онд болсон сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй Парламент байгуулагдан ажиллаж байна.Нийгмийн бүлгийн бүхий л төлөөллөөс бүрдсэн Парламентад олон салбарын төлөөлөл багтсан. УИХ-д сонгогдсон гишүүд иргэдийг төлөөлөн тэдний амьдралд өөрчлөлт үзүүлэхүйц ашигтай хуулийн төсөл санаачлан батлах үүрэгтэй. Хэдийгээр шинэ гишүүд мэргэжлийн хуульч биш ч гэлээ хуулийн төслүүдийг судалж уншиж мэддэг байх шаардлагатай. Гэвч өмнө гишүүнээр ажиллаж байсан болон шинэ гишүүд уих-ын дэгийн тухай хуулиа ч уншаагүй гэдгээ үг хэлэх үеэрээ батлан харууллаа. Мөн тэд УИХ-ын даргаас хуулиа мэдэхгүй байна гэх шүүмжлэлийг х хүртсэн юм.

Мөн сүүлийн өдрүүдэд гишүүд Чуулганы хуралдаанд оролцдоггүй тасалдаг, олон дахин чөлөө авч хууль хэлэлцэх үйл явцыг цалгардуулж байгаа талаар нийгэмд хүчтэй шүүмжлэл өрнөж байгаа. Энэхүү асуудалд мөн УИХ-ын даргын зүгээс гишүүдэд анхаарах шаардлагатайг сануулсан юм. Улмаар Чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцдог гишүүдийг танхимын урд эгнээнд суулгадаг болгох талаар ч яригдаж байгаа юм.