2025 оны улсын төсөв хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг УИХ-аар баталлаа
Өнөөдөр УИХ-ын Чуулган ээлжит бусаар хуралдлаа. Чуулганы хуралдаанаар 2025 оны монгол улсын төсөв хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан байна. Улмаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцээд УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр болжээ.

Ирэх оны төсөвт ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авснаар тус хуулийн төслийг дахин хэлэлцэх холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Улмаар төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ирэх оны төсвийн дахин хэлэлцэх хууль эрхзүйн орчин бүрдсэн юм. Тэгвэл өнөөдрийн Чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг дахин хэлэлцэх нэг удаагийн дэгийг баталлаа. 2025 оны төсвийн төслийг нэг удаагийн хуулиар хэлэлцэх бөгөөд энэхүү дэгийн хууль гурван зүйлтэй. Тодруулбал 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн хуулийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлахгүй. Төсвийн төслийг УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталж дуустал хугацаанд дагаж мөрдөнө гэж заажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

Улмаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцээд УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр болжээ. Шинэчилсэн төсвийн төсөлд хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барих нь зүйтэй гэж Намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцэгдсэн байна.