АНУ-ын Эрүүл мэндийн яам хоол хүнс, ундаа зэрэгт орлуулагч хүнсний будаг ашиглахыг хориглов
Мягмар гарагт АНУ-ын Эрүүл мэндийн сайд  Роберт Кеннеди “Америкийг дахин эрүүл болгоё хэмээх компанит ажлын хүрээнд хоол хүнсний бүтээгдэхүүнд өргөнөөр ашиглагддаг 8 төрлийн хиймэл хүнсний будгийг хориглох шийдвэр гаргасан” гэж мэдэгджээ.

Эрдэмтэд газрын тосноос гаргаж авдаг бүх хүнсний будагч бодисыг ийнхүү хэрэглээнээс халж байна гэж мэдэгдлээ. Гэхдээ хиймэл хүнсний будгийг хориглох шийдвэр шат дараатайгаар хэрэгжих бөгөөд 2026 оны эцэс гэхэд албан ёсоор бүгдийг нь хориглох юм байна.

Мэргэжилтнүүд үр тариа, чихэр, хөнгөн зууш, ундаа зэрэг олон арван хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг будагч бодисыг зарим хүүхдийн мэдрэлийн эмгэгтэй холбон тайлбарлаж байна. Хиймэл будагч бодисууд нь анхаарал дутмагших эмгэг, хөдөлгөөн идэвхжүүлэх эмгэг, чихрийн шижин, хорт хавдар, генийн эмгэг өвчин үүсгэхээс гадна хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өөр олон өвчний суурь болох эрсдэлтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон юм.

АНУ-ын хүнс, эмийн чанарын хяналтын газраас хиймэл хүнсний будгийг орлуулах, өөр хувилбар, бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлд компани аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаа бас мэдэгджээ.

Мягмар гарагт АНУ-ын Эрүүл мэндийн сайд  “Америкчууд юу идэж байгаагаа мэддэггүй, тэр дундаа сургуулийн хоол хүнсний стандарт нь чанар стандартын шаардлага хангадаггүй. Иймд нэн тэргүүнд сургуулийн хоолонд оруулах бүх орц, нэмэлт бүтээгдэхүүний тухай журмыг шинэчлэн боловсруулна” гэж мэдэгдлээ.