Уналт таталттай буюу эпилепсийн оноштой, байнгын асаргаа шаарддаг хүүхдүүдийн хувьд тогтмол эмчилгээ нь амьдралын чанарыг хадгалах, амь насанд нь ч шууд хамааралтай чухал асуудал. Гэвч эдгээр хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай эмүүд нь монгол улсад бүртгэлгүй гэх үндэслэлээр гааль дээр саатуулагдаж, хураагдаж байгаагаас үүдэн олон гэр бүл хүнд байдалд оржээ. 2023 онд хэүк болон хнхя хамтран хийсэн судалгаагаар байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зайлшгүй шаардлагатай эм, тарианы хүртээмжтэй байдлыг тандаж үзэхэд судалгаанд оролцогчдын 82.7 хувь нь хүртээмжгүй, 17.3 хувь нь хүртээмжтэй гэсэн судалгаа гарчээ. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уналт таталтын эсрэг эмийг эмчийн жороор өдөр тутамдаа хэрэглэх ёстой хэдий ч эмийн чанар, нөөц, татан авалт, бүртгэл болон орон нутагт шууд түгээдэггүй зэрэг шалтгаанаар эмээ тогтмол ууж чадахгүй байх нөхцөл үүсдэг байна.
Тэгвэл хуулийн дагуу, улсын эмийн бүртгэлд ороогүй эмийг оруулж ирэхэд тодорхой журмууд хэрэгжих ёстой. Гэсэн ч эдгээр эмүүд нь дэлхийн олон улс оронд батлагдсан, эмчийн жороор зөвхөн хэрэглэгддэг, ховор хэрэгцээтэй эмүүд байдаг тул монголд хэрэглэгч нь цөөн, бүртгэлд орох процесс төвөгтэй, удаан байдаг байна.
Хэдийгээр хуулийн зохицуулалтыг мөрдөх нь зүй ёсны хэрэг ч нөгөө талдаа хүүхдийн амь нас, эрүүл мэнд гэдэг хамгийн чухал асуудал гэдгийг хэүк-ыг гишүүн хэлж байна. Тиймээс эмнэлзүйн хувьд батлагдсан, зайлшгүй шаардлагатай эмүүдийг тодорхой нөхцөлд хэрэглэгчдэд нь хүргэх, гаалийн тусгай зохицуулалт хийх шаардлагатай байна. Тиймээс уг асуудлыг заавал хуулиар зохицуулахаас гадна нэн түрүүнд гаалийн тусгай журам боловсруулах, уналт таталттай хүүхдүүдийн мэдээллийг нэгтгэж тэднийг эмийн хэрэгцээгээр хангах шаардлагатай байна.