Завгүй амьдралын хэв маягт нийслэлчүүд хэдийнээ дасан зохицжээ. Үүнээс үүдэн зөв зохистой амьдралын хэв маягийг баримтлах иргэдийн тоо буурч, ирээдүйд үүсч болзошгүй эрсдлийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал өглөө, өдөр, оройн хоолны ач тусыг иргэд мэддэг ч дадал зуршил болгох нь ховор байгаа бөгөөд өдрийн хоолыг иддэггүй иргэд ч байгаа юм.
Тэгвэл өдөрт авах ёстой шим тэжээлийн тал хувийг өдрийн хоол бүрдүүлдэг. Мөн бие махбодийг эрч хүчээр хангах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх болон эд, эсийн нөхөн төлжилтөд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Гэвч өдрийн хоолыг алгассанаар оройн цагаар их хэмжээгээр хоол, хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж улмаар илүүдэл жин, таргалалт болон, нойртой холбоотой зарим асуудлуудыг үүсгэдэг юм байна. Түүнчлэн алсдаа ходоодны амсар хэсгийн хорт хавдар зэрэг олон төрлийн өвчлөлүүдийн голлох шалтгаан болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Өдрийн хоолонд шөлтэй болон эслэгээр баялаг хүнсээр хооллох хэрэгтэй юм. Мөн биеийн жин, бие махбодийн онцлогтоо тохируулан хооллох нь сайн байна. Иймд ирээдүйд үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж амьдралын зөв зохистой хэв маягийг зайлшгүй баримтлах шаардлагатай байна. Мөн хаврын улиралд дархлаа суларч өвчлөмтгий болдог тул ихээхэн анхаарах хэрэгтэй юм байна.