ЕХ дижитал зах зээлийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр Apple, Meta компаниудад торгууль ногдууллаа
Европын комиссын хууль тогтоогчид дижитал зах зээлд шударга өрсөлдөөнийг хангах зорилготой Европын холбооны хууль тогтоомжийг зөрчсөн Apple болон Meta компаниудад торгууль ногдуулжээ. АНУ-ын мэдээллийн технологийн аварга Apple болон Meta компаниуд нь ЕХ-ны дагаж мөрдөх хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон тул хариу арга хэмжээ авч байгаа гэдгийг албаны тайлбарт дурджээ.

Лхагва гарагт Европын комисс шийдвэрээ танилцуулж, тус хоёр компани дижитал зах зээлийн тухай хуулийг дагаж мөрдөөгүй болохыг онцлон тэмдэглэжээ. Тэгвэл Аpple компани нь App Store-ыг эс тооцвол программ хангамж хөгжүүлэгчдийн вэбсайт болон бусад сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ санал болгох боломжийг хязгаарлаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Европын комисс Мета компани нь хэрэглэгч төлбөрөө төлөөд хувийн зар сурталчилгаа явуулахын тулд өөр хувийн нууц мэдээллээ хуваалцах, өгөгдөл дамжуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг эсвэл зар сурталчилгаагүй үйлчилгээний захиалгын төлбөр төлөхийг шаарддаг тул шаардлага хангаагүй гэж мэдэгджээ. Комиссын зүгээс Apple компанийг 500 сая евро буюу 570 сая доллартай тэнцэхүйц, Мета-г 200 сая евро буюу 230 орчим сая доллараар торгосон гэж мэдэгджээ.

Энэ нь өнгөрсөн оны 3-р сард албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хууль тогтоомжийн дагуу ЕХ анх удаа торгууль ногдуулсан явдал болжээ. Уг хууль тогтоомжийн дагуу Европын комисс шаардлага хангаагүй компаниудын жилийн борлуулалт, үйлчилгээний орлогын 10 хүртэлх хувьтэй тэнцэх хэмжээгээр торгууль оногдуулах боломжтой байна.

Европын комиссын шударга өрсөлдөөн хэрэглэгчийн хамгаалах агентлагийн дарга "Бид дүрэм журмын дагуу хатуу боловч тэнцвэртэй хэрэгжүүлэх арга хэмжээ авсан" гэж хэллээ. Тэрбээр "ЕХ-нд үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд манай хуулийг дагаж мөрдөх ёстой" хэмээх тайлбарыг нэмж өгсөн байна.

Харин Мета болон Аpple компанийн зүгээс Европын комисс АНУ-ын амжилттай бизнес эрхлэгчдэд саад учруулж, бизнесийн загвараа өөрчлөхийг албадаж байна хэмээх хариу тайлбарыг өгчээ. Мөн тус хоёр компани Европын комиссын шийдвэрийг давж заалдана гэдгээ анхааруулжээ.