- Хуулийн хүрээнд улаанбуудайн дээд болон нэгдүгээр зэргийн гурил, 9 нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.
- Ингэснээр хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мянган.тонн-д хүрсэн байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 3 дахин их үзүүлэлт байна.
- Үүнийг задалж харвал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арцсуурь боомтоор 3.9 мянган тонн улаанбуудайн гурилыг Оросын холбооны улсаас тус тус импортолсон байна. Мөн одоогийн байдлаар 1 кг гурилын дундаж үнэ 1500 төгрөг байна.
- Харин мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 117.9 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолжээ.
Энэхүү үзүүлэлтээс харахад хүнсний гол хангамж бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтоворжиж, тус салбарыг эрсдэлээс хамгаалсан гэж үзэн мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилогодоо хүрсэн гэж үзсэн байна. Иймд гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн хэрэгжилтийн хугацаанд дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа зогссон төдийгүй, тариалан эрхлэгчид тариаланчид будаагаа борлуулж чадахгүйд хүрч тариалалт 57 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Сонгуулийн жил бүр эрх баригчид иргэдээс оноо авах зорилгоор иргэдээ бодсон тэдэнд ээлтэй гэх нэрийдлээр үр ашиггүй хуулийн төсөл боловсруулж баталдагийн нэг жишээ нь гаалийн албан татварыг тэглэх хуулийн төсөл болж байна гэж зарим УИХ-ын гишүүд шүүмжилж байсан юм.
Уг хуулийн төсөл батлагдсанаар газар тариалангийн салбар болон гурил үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хэвийн хангах, нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Ийнхүү Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.