2024 онд цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн шинжтэй 1580 гомдол мэдээлэл бүртгэгджээ
Дийлэнх иргэдийн өдөр тутмын харилцаа, мэдээлэл хүлээн авах, үзэл бодлоо илэрхийлэх байдал нь цахим орчинд үйлдэгдэж байна. Гэвч энэхүү боломжит орон зайд хүний эрх хангалттай хамгаалагдаж чадаж байна уу? гэвэл үгүй. Тухайлбал харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны тайланд дурдсанаар, цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн талаарх нийт гомдлын тоо 2023 онтой харьцуулахад 25 хувиар өсч, 1580 хүрсэн байна.

Сүүлийн жилүүдэд бүхий л салбарын салшгүй нэг хэсэг болоод буй цахим орчинд хүний эрхийн зөрчил нэмэгдэж, үг хэлэх эрх чөлөө, хувийн орон зайн аюулгүй байдал бодитоор заналхийлэлд өртсөөр байна. Ингэхдээ олон нийтийн сүлжээ тэр дундаа Мессенжер, Инстаграм, Фейсбүүк зэрэг платформууд дээр хамгийн их зөрчил бүртгэгдэж байгаа статистик баримт байна.

Зөвхөн 2024 онд цахим орчинд хүний эрх зөрчигдсөн гомдол мэдээллийн тоо өмнөх оноосоо 25 хувиар өсөж 1580-д хүрчээ. Тухайлбал, хувийн мэдээлэл зөвшөөрөлгүй тараах 35 хувь, цахим хэлбэрийн доромжлол, гүтгэлэг 28 хувь, онлайн залилан, хууран мэхлэлт 15 хувь, сэтгэлзүйн дарамт, сүрдүүлэг 12 хувь, хүүхдийн эрх зөрчсөн контент 10 орчим хувь байна.

Эдгээр зөрчил нь хүний нэр хүнд, аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна, зарим тохиолдолд эрүүгийн шинжтэй гэмт хэрэгт хүргэж байна.

Монгол улсад цахим орчинтой холбоотой зохицуулалтын хуулиуд бий боловч хэрэгжилт хэт удаан, хяналт сул, хариуцлага тодорхой бус байдгаас үүдэн хэрэг гарсаар байх нь элбэг. Түүнчлэн цахим орчин дахь гэмт үйлдлүүдийг мөрдөн шалгах техник, мэргэжлийн чадамж хомс хуурамч хаяг, зэрэг нь зөрчил гаргасан этгээдийг тогтоох боломжгүй байна. Технологийн хэт хурдан хөгжлийг тухайн цаг үед нь хуульчлан зохицуулах боломжгүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч гагцхүү хэрхэн хүний эрхийг шударгаар хамгаалах вэ гэдэг асуудал дээр дэлхий даяар сөхөгдөж байна.

Цахим орчинд хүн бүр эрх тэгш, аюулгүй, хүндэтгэлтэйгээр орших боломжийг бүрдүүлэх нь дан ганц хуулийн байгууллагын ажил бус иргэд, төр, иргэний нийгэм, технологийн компаниуд хамтран ажиллаж байж л цахим орчныг эрх зүйтэй, соёлтой, шударга орчин бий болгож чадна гэж судлаачид хэлсээр байна.