АНУ-ын Калифорни муж эдийн засгийн үзүүлэлтээрээ Япон улсыг гүйцэж дэлхийн дахинд 4-р байрт эрэмбэлэгдэв
АНУ-ын Калифорниа мужийн эдийн засаг тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 40 сая оршин суугчтай тус мужийн эдийн засгийн үзүүлэлт Япон улсыг гүйцэж, дэлхийд 4-р байрт эрэмбэлэгдэж байгаа тухай мэдээллээ. Мужийн амбан захирагч Гэвин Ньюсом “Олон Улсын Валютын сан болон АНУ-ын эдийн засгийн шинжилгээ, судалгааны товчооны боловсруулсан мэдээллээр Калифорниа нь Япон улсыг ардаа орхиж, дэлхийн дөрөв дэх том эдийн засаг боллоо” хэмээн мэдэгджээ.

Амбан захирагч Гэвин Ньюсом "Калифорни муж улс нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхаад зогсохгүй, эдийн засгийн хурдыг тогтоож байна. Бид хүмүүст хөрөнгө оруулалт хийж, тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж, инновацын хүчинд итгэдэг учраас эдийн засаг нь цэцэглэн хөгжиж байна. Гэхдээ бид ололт амжилтаа тэмдэглэж байх зуур одоогийн засаг захиргааны татварын бодлого мужийн эдийн засгийн өсөлтөд аюул заналхийлэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч байна” хэмээн хэлсэн байна. 

Пүрэв гарагт ОУВС-гийн нийтэлсэн тоон мэдээлэлд өгүүлснээр Калифорниа мужийн нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 4.1 их наяд ам.долларт хүрснээр Японыг гүйцэж, дэлхийн чансаанд зөвхөн АНУ, Хятад, Германы ард дангаараа эрэмбэлэгдэж эхэлжээ. Калифорниа мужийн эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай гурван том улсынхаас илүү байна. 2024 онд Калифорниагийн эдийн засаг 6 хувиар тэлсэн бол АНУ 5.3 хувь, Хятад улс 5.4 хувь, Герман улс 2.9 хувиар тус тус өссөн байна.

Калифорниа бол АНУ-ын эдийн засгийн гол тулгуур багана гэж үздэг. Сүүлийн жилүүдэд тус мужийн хүн ам огцом өсөн нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын орлого дээд үзүүлэлтдээ хүрснээс гадна шинэ бизнес эхлүүлэх, венчурын санхүүжилт авах, үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, хөдөө аж ахуй зэрэг салбарын төв, хөрөнгө оруулагчдын хүсэмжит газар болжээ.

Тус муж нь үндэсний эдийн засгийн өсөлтийг бий болгож, Холбооны засгийн газарт жил бүр 83 тэрбум гаруй долларыг татвар хэлбэрээр илгээдэг. Калифорни мужид 36 мянга гаруй үйлдвэрийн байгууламж үйл ажиллагаа явуулж, 1 сая гаруй Калифорниачууд тэнд хөдөлмөр эрхэлдэг байна.

Өнгөрсөн долоо хоногт Калифорниа мужийн амбан захирагч Гэвин Ньюсом бүс нутгийн эдийн засгийг хамгаалахын тулд Д.Трампын татварын бодлогын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн онцгой байдлын эрх мэдэл, тэр дундаа татварын бодлого нь муж улсууд, хэрэглэгчид, бизнесүүдэд хохирол учруулах эрсдэлтэй тул холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна. Энэхүү нэхэмжлэл нь эдийн засагт сүйрэл учруулж, хувьцаа болон бондын зах зээлийг тогтворгүй болгож, олон зуун тэрбум долларын хохирол учруулж, хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд өндөр зардал учруулсан ерөнхийлөгч трампын утга учиргүй татварын шийдвэрийг цуцлах зорилготой байна.