ОХУ-ын агаарын цохилтын уршгаар Киев хотын 12 оршин суугч амиа алдсаны дараа Д.Трамп дайныг зогсоохыг В.Путинээс шаардлаа
Өнгөрөгч Лхагва гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хот руу дрон болон пуужингийн цохилт өгсний уршгаар багадаа 12 оршин суугч амиа алдсан гэж мэдээлсэн юм. Мөн энэхүү халдлага нь 2025 он гарснаас хойш Украины нийслэл хотыг онилсон хамгийн том халдлага, бас хамгийн их гарз хохирол учруулсан агаарын цохилт байсан гэж албаны тайлбарт онцолжээ.

Тэгвэл Киев хотыг онилсон агаарын цохилт нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын уур хилэнг хүргэсэн бололтой. Пүрэв гарагт доналд трамп “ОХУ-ын зэвсэгт хүчин Киев хотод агаарын цохилт өгсөн явдалд би сэтгэл хангалуун бус байна. Шаардлагагүй, цагаа олоогүй явдал, Владимир дайнаа зогсоо, долоо хоногт 5000 цэрэг үхэж байна. Энхийн хэлэлцээр байгуулцгаая” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Мөн өдөр Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Вашингтон Киев, Москва хоёрт хүчтэй шахалт үзүүлж байгаа бөгөөд яриа хэлэлцээнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг хэллээ. Тэрээр ОХУ-ын эрх баригчид дайныг зогсоож, бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орныг эзлэн авах гэсэн төлөвлөгөөнөөсөө буцсан нь нэлээн том буулт хийсэн үйлдэл байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн цааш нь тэрбээр ирэх амралтын өдөр АНУ-ын засгийн газрын тусгай элч Стив Виткофф болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хоёрын уулзалт хамгийн чухал үйл явдал бөгөөд дайсагнагч талууд тохиролцоонд хүрэхэд бараг бэлэн болсон, хэлэлцээрт гарын үсэг зурахад бодитоор ойртсон гэж хэллээ.

Пүрэв гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хүчин чармайлт зөв чиглэлд явж байгаа ч зарим зүйлсийг тодорхой болгох, тохиролцох шаардлагатай гэж мэдэгдлээ. Гэхдээ тэрбээр хэлэлцээний асуудлаар нарийн ширийн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Пүрэв гарагт Цагаан ордны зууван танхимд НАТО-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Марк Рютте АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нар уулзжээ. Уулзалтын дараа НАТО-ын тэргүүн Марк Рютте Украин улс тохиролцоонд хүрэхийн тулд шаргуу ажиллаж байгаа бөгөөд одоо бөмбөг Орос улсын талбайд байгаа нь ойлгомжтой асуудал гэж хэлсэн байна.

Пүрэв гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин үнэхээр болзолгүйгээр гал зогсоох хүсэлтэй байгаа гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн төдийгүй АНУ-ын Засгийн газрын уураа гаргах ганцхан хүн бол В.Путин хэмээн хэлсэн байна.