Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал зээлээ төлөөгүй иргэд хар жагсаалтад ордог байдлыг арилгана

Өнөөдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд зээлээ төлөөгүй иргэд хар жагсаалтад ордог байдлыг арилгах, харин цаг тухайд нь зээлээ төлдөг иргэдийг урамшуулах тогтолцоог бий болгохыг зорьсон байна. Мөн  зээлдэгчийн санхүүгийн байдлыг тодорхойлохдоо олон улсын жишгээр үнэлгээ өгөх систем бий болгох юм байна.

  • Одоогоор зээлийн мэдээллийн санд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг 13 арилжааны банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагууд нийлүүлдэг байна.
  • Тэгвэл зээлийн мэдээллийн санд 2024 оны 2 дугаар сарын байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна. Үүнээс 200 мянган зээлдэгч нь муу ангилал буюу хар жагсаалтад бүртгэлтэй байна.
  • Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлан 100 хувь гэж үзвэл 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн, 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд хуваарилагдаж байна. Улмаар иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурах тооцооллыг гаргажээ.
  • Мөн монгол улсын хүн амын тоо 2035 онд 4.2 саяд хүрэх төсөөлөлтэй байгаа бол насны бүлгээр ангилбал өсөлтүүд голцуу зээлийн харилцаанд орох насны бүлэгт хамаарч байгаа юм. Тиймээс цаашид банк, санхүүгийн үйл ажиллагаанд шилжих, их өгөгдөл буюу зээлдэгчийн зээлийн мэдээлэл дээр суурилсан шийдвэрийг гаргах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Зээлдэгч нэгэнт хар жагсаалтад орсон бол бүх төрлийн санхүүгийн  байгууллагаас зээл авах эрхээ хязгаарлуулдаг. Тэгвэл энэхүү хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулснааар хар жагсаалт гэх санхүүгийн ялыг бүрэн арилгах боломжтой болох юм. Түүнчлэн зээлийн хүү буурах,  банк санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээ нэвтрэх боломж бүрдэх юм байна. Мөн банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлснээр эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна гэх тооцоолол байна.

Зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд зургаан жилээр тусгах зохицуулалтыг уян хатан болгож тухайн зээлдэгчийн онцлог, нөхцөл байдалтай нь уялдсан хугацааг олон улсын жишгийн дагуу нийцүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх юм байна. Ийнхүү хуулийн төслийн  дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.