МУИС-ийн оюутнууд өөрсдийн санаачилгаар цаас дахин боловсруулж, сонин хэвлэж байна
1 тонн хаягдал цаасыг дахин боловсруулахад 26 мянга орчим литр ус хэмнэгддэг төдийгүй, шатаахад ялгарах 750 кг нүүрсхүчлийн хийнээс сэргийлж чадах юм байна. Түүнчлэн эрчим хүч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Тэгвэл МУИС-ийн оюутнууд өөрсдийн санаачилгаар гар аргаар цаас дахин боловсруулж, сонин хэвлэж эхэлсэн байна.

МУИС-ийн хууль зүй, математик зэрэг чиглэлээр суралцдаг 25 гаруй оюутан нэгдэж өөрсдийн санаачилгаар гар доорх материалуудыг ашиглан хаягдал цаасыг дахин боловсруулж байна. Эдгээр залуус сургууль дээрх хэрэглэгдэхгүй болсон хаягдал цаасыг цуглуулан дахин боловсруулж, сонин эрхлэн бэлтгэдэг байна. 7 хоногт 50 гаруй ширхэг цаас үйлдвэрлэдэг бөгөөд 20 ширхэг цааснаас 1 ширхэг А3 хэмжээтэй цаасыг дахин боловсруулдаг юм байна.

Эдгээр залуус хамгийн анх байгальд ээлтэй бүтээлч санаан дор нэгдэн “Ger Agora” клубыг байгуулж өдгөө 25 гишүүнтэй болжээ. Үүнээс хойш 2 дахь сонингоо бэлтгэн хэвлүүлээд байна. Түүнчлэн цаас дахин боловсруулахад тийм ч их зүйл шаардлагагүй бөгөөд хүн бүрт энэ боломж нээлттэй гагцхүү мэдлэг, мэдээллийг түгээх хэрэгтэй гэдгийг уриалж байсан юм. Цаас дахин боловсруулах нь байгаль орчин, эдийн засаг, эрчим хүчний салбарт эерэг нөлөөтэйгөөс гадна боловсруулж буй үйл явц сэтгэл зүйн тайвшрал, хичээлээс түр сатаарах боломж олгодог байна.

Мөн дахин боловсруулах боломжтой хэрэглэгдэхгүй болсон  цаасыг дуртайяа хүлээн авна гэдгээ уламжилж байсан юм. Тэдэнд зориулагдсан зориулалтын анги, танхим байхгүй хэдий ч үйл ажиллагаагаа таслахгүй явуулж байгаа эдгээр залуусын хичээл зүтгэлийг дахин онцолмоор байна. Мөн ямар нэгэн санхүүжилт, даалгавар, төсөл хөтөлбөрийн хүрээнд бус өөрсдийн санаачилгаар жижиг мэт боловч хамгийн чухал зүйлсийг хийж байгаа залуучуудад зохих тусламж, дэмжлэгийг үзүүлэх нь ирээдүйн хамгийн том хөрөнгө оруулалт юм.