Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд хамаарагддаг

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ онд хийсэн судалгаагаар нийслэлд 8-9 баллын газар хөдлөлт болоход нийт барилгын 20-оос 40 хувь нь нурах эрсдэлтэй гэж дүгнэжээ. Нарийвчлан задалж үзвэл:

  • Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд хамаарагддаг. Харин нийслэлийн газар нутгийн 47.6 хувь нь 7 балл, 50.4 хувь нь 8 балл, 2 хувь нь 9 баллын бүсэд хамаарч байна.
  • Гэвч нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэртэй барилга, орон сууц цөөн байна. Одоогоор нийт 118 мянга орчим барилга ашиглагддаг. Үүний 1382 нь ашиглалтын явцад барилгын даацын үндсэн бүтцэд зөвшөөрөлгүй өөрчлөлт хийснээр нэн эрсдэлтэй барилгад тооцогдож байна.
  • Эдгээр барилгын 52 хувь нь орон сууц, үлдсэн 48 хувь нь олон нийт, үзвэр үйлчилгээ, үйлдвэр, цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн барилга байгаа тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
  • Мөн нийслэлээс өгсөн мэдээлэлд 2011 оноос хойш орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нийт 976 барилгыг пасспортжуулж, газар хөдлөлтийн үнэлгээ хийжээ. Уг барилгууд 2002 оноос өмнө баригдсан бөгөөд 574 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 205 нь хүчитгэн ашиглах боломжтой бол ердөө 206 барилга л газар хөдлөлтөд тэсвэртэй гэх судалгаа гарсан байна.

Манай улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж, 2005 онд улсын хэмжээнд 200 гаруй газар хөдөлөлт бүртгэгдэж байсан бол 2019 онд 1210 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ нь 15 жилийн хугацаанд 5 дахин өссөн үзүүлэлт юм. Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх аргагүй. Гэвч газар хөдлөлт болоход иргэд ямар арга хэмжээ авах, өөрийн байгаа барилга, орон сууц нь газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байгаа талаар ч мэдлэг муутай байна.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд хамаарагддаг. Харин нийслэлийн хувьд нутаг дэвсгэр бүхэлдээ газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагдаж байна. Гэтэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй барилгуудын дийлэнх нь газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь судалгаагаар батлагджээ. Тэр дундаа цэцэрлэг, сургууль, эмнэлгийн буюу онцгой обектууд газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгджээ.

Олон улсын байгууллагтай хамтран 3 үе шаттайгаар Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. 1-р үе шатад 2013 онд нийслэлийн газар хөдлөлтийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэсэн. 2-р үе шат буюу 2016-2019 онд эрсдэлтэй барилгуудад ямар арга хэмжээ авах, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх талаар үнэлгээний аргыг боловсруулан гаргаж өнөөдрийн байдлаар монгол улсын барилгын стандарт, дүрэм болон хэрэгжиж байна. Харин одоо хийгдэж байгаа 3-р үе шатад стандарт бус, эрсдэлтэй барилгуудыг хүчитгэхдээ хэрхэн хүчитгэх, барилгын зураг төслийг хэрхэн гаргах, хүчитгэлийн ажлыг хэрхэн бодитойгоор хийх талаар шинжилж, судалж байгаа юм байна.

Иймд газар хөдлөлтийн эрсдэлд бэлэн байдлыг хангах, барилга байгууламжын аюулгүй байдлыг үнэлэх, дахин төлөвлөх ажлыг цогц байдлаар шийдвэрлэх нэн шаардлагатай гэж мэдээллээ.