Өнөөдөр буюу Даваа гарагт Д.Трамп, В.Путин нар энхийн хэлэлцээний эргэн тойрон дахь асуудлаар утсаар ярина
Өнөөдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дайсагнагч хоёр улсын удирдагчтай гал зогсоох төлөвлөгөө, энхийн хэлэлцээний асуудлаар утсаар хэлэлцээ хийх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт Орос, Украины дипломат төлөөлөгчид сүүлийн гурван жил гаруйн хугацаанд анх удаа нүүр тулан уулзаж, дайны гал зогсоох нөхцлийг хэлэлцсэн ч Турк улсад болсон уг уулзалт үр дүнгүй болжээ.

Өнгөрсөн долоо хоногт БНТУ-ын Истанбул хотод болсон хэлэлцээний үеэр Орос, Украин хоёр улсын төлөөлөгчдийн тавьсан дайны гал зогсоох нөхцөл, байр суурь эрс тэс байсан гэж Өрнөдийн хэвлэлээр мэдээлжээ. Орос улс Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор эрхшээлдээ авч, Москвагийн шаардсан аливаа газар нутгаас Украин улс цэргээ гаргасны дараа л гал зогсоох саналыг хэлэлцэх боломжтой хэмээх байр суурь илэрхийлснийг турк улсын эрх баригчид ил болгосон байна. Мөн цаашид урт хугацаанд энх тайван тогтоохын тулд украин улс НАТО-д гишүүнээр элсэх төлөвлөгөөнөөсөө татгалзах, аажмаар бүс нутгийг цэрэггүй бүс болгох, төвийг сахих байр суурийг баримтлах зэрэг нөхцөл тавьж байгаа юм байна.

Тэгвэл Украины төлөөлөгчид эдгээр нөхцлүүдийг эрс эсэргүүцсэн байна. Тиймээс дайсагнагч 2 талын уулзалт ердөө 1 цаг 40 минут үргэлжилжээ.

Уулзалтын эхэнд хоёр талын төлөөлөгчид гар барин мэндчилэхээс татгалзсан зэргээс харахад уг хэлэлцээгээр ямар ч ахиц дэвшил гарахгүй нь тодорхой байсан гэж шинжээчид хэлж байна. Гэвч талууд харилцан 1000 орчим олзны цэрэг солилцох тохиролцоонд хүрсэн нь Истанбулын хэлэлцээний ганцхан эерэг үр дүн байжээ.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дайсагнагч хоёр улсын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, цаашдаа гурвалсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулснаар энхийн хэлэлцээр байгуулан гал зогсоох зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байгаа юм байна  тэрээр "Даваа гараг бидний хувьд үнэхээр бүтээлч өдөр байх болно. Удахгүй гал зогсоох зөвшилцөлд хүрэх төлөвтэй байна. Хэзээ ч эхлэх ёсгүй байсан энэхүү дайн дуусгавар болох гэж байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Мөн өнөөдөр Их Британи, Франц, Германы удирдагчид Д.Трамптай цахимаар хэлэлцээ хийх гэж байгаа бөгөөд ОХУ-ыг нэн даруй, ямар ч болзолгүйгээр 30-аас доошгүй хоногийн хугацаатай гал зогсоох чиглэлд хамтран шахалт үзүүлэх талаар хэлэлцэх юм байна.