АНУ-ын ерөнхийлөгч асан Ж.Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогджээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хүнд хэлбэрийн хорт хавдраар оношлогдсон талаар Өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ. Жо Байдены хорт хавдар ясандаа хүрч тархсан боловч эмчилгээ нь үр дүнтэй байгаа тул нөхцөл байдал харьцангуй тайван байгаа юм байна.

Өнгөрөгч Баасан гарагт өдгөө 82 настай байдены шээснээс хавдрын шинж тэмдэг илэрсний дараа нарийн шинжилгээнд хамруулахад түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Үүнтэй холбоотойгоор Жо Байден болон түүний гэр бүлийнхэн эмч нартай эмчилгээний сонголтуудыг хэлэлцэж байгаа юм байна.

Жо Байден 2009 оноос хойш АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд  барак обамагийн засаглалын үед дэд ерөнхийлөгчөөр ажилласан юм. Харин 2020 онд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампыг ялж ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өнгөрсөн жил тэрээр дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас нэрээ татсан юм.

Өнгөрсөн хугацаанд Жо Байденыг өндөр настай гэж шүүмжилж, доог тохуу хийж байсан Доналд Трамп “Жо-гийн өвчний оношыг сонсоод үнэхээр харамсал төрж байна. Түүний гэргий Жилл болон гэр бүлийнхэнд нь сайн сайхан бүхнийг хүсэе. Хурдан эдгээрэй Жо” хэмээн хэлжээ.

2020 онд АНУ-ын хамгийн өндөр настай ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байсан Жо Байдены ууган хүү мөн хавдрын улмаас нас барсан байна. Эрүүл мэндийн судалгааны байгууллагаас Жо Байдены хорт хавдрын нөхцөл байдлыг 1-10 онооны үнэлгээгээр үнэлвэл 9 оноогоор хэмжинэ гэж мэдэгджээ.