Олон нийтийн сүлжээ тэр дундаа эмэгтэйчүүд ихээхэн ханддаг цахим группүүдэд үр зулбуулах эм авна, зарна гэх утга агуулга бүхий зар, мэдээллүүд олширчээ. Тэгвэл мэргэжлийн бус хувь хүнээс хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй тус эмийг худалдан авч хэрэглэх нь ихээхэн хор хөнөөлтэй юм байна. Тухайлбал эмэгтэйчүүд умай, саваа авхуулахад хүрэх, цаашлаад амиа алдах ч эрсдэлтэй юм. Тус эмийг худалдан авсан иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа бол зарж, борлуулж байгаа иргэд хариуцлага хүлээхгүйгээр үлдэж байна.
Түүнчлэн хууль бус үр зулбуулах эмийг хэрэглэж эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь эзэн холбогдогчыг нуун дарагдуулдаг байна. Үүнээс үүдэн цаашид тус төрлийн асуудал гарсаар байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байсан юм. Тэгвэл үр зулбуулах эмийг хуулиар хориглосон байдаг. Тухайлбал энэ он гарсаар цагдаагийн газарт хууль бус эмтэй холбоотой 11 хэрэг бүртгэгджээ.
Хэдийгээр хүсээгүй жирэмслэлтээс татгалзах нь хуулиараа иргэнд нээлттэй ч эрүүл мэндийн байгууллагад хандах эсвэл хууль бус үр зулбуулах эм сонгох эсэх нь тэдний сонголт. Аль ч сонголтыг хийсэн иргэдийн дунд бэлгийн боловсол хангалтгүй түвшинд байгаагийн илрэл юм. Иймд иргэдийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, нэмэгдүүлэх шаардлага нэн хэрэгцээтэй байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байсан юм.