Түүхэн цаг хугацаанд Европын холбооны хоёр хүчирхэг эдийн засгуудын цөмийн эрчим хүчний бодлого нь соёл, улс төр, эдийн засгийн ялгаатай нөхцлөөс шалтгаалан эсрэг чиглэлд хөгжсөн. Франц улс бол 1970 оноос цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг бодлогоор дэмжиж, өдгөө нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг ураны түлшнээс гарган авч байна. Харин Герман улс бол түүхэн цаг хугацаанд иргэний нийгмийн оролцоо өндөр, экологийн төлөөх хөдөлгөөн, компанит ажил өрнөж байсан тул цөмийн эрчим хүчний шилжилтийг аажмаар эхлүүлсэн байдаг. Гэхдээ Ангела Меркелийн засаглалын үед цөмийн эрчим хүчнээс шат дараатайгаар татгалзаж, 2022 он гэхэд станцуудынхаа үйл ажиллагааг зогсоох зорилт тавьсан юм.
Тус хоёр улс нүүрс төрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахтай холбоотой зорилтдоо хүрэхийн тулд цөмийн эрчим хүчийг дэмжих чиглэлд эрс тэс байр суурийг илэрхийлдэг байсан нь Европын холбооны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого боловсруулах ажлыг хойшлуулсаар ирсэн. Гэхдээ Германы шинэ Канцлер Фридрих Мерц цөмийн эрч хүчнээс татгалзах нь цэвэр алдаа гэж тодорхойлж байсан төдийгүй өмнө нь тэрээр Франц улстай эрчим хүчний харилцаагаа сэргээхээ амлаж байсан юм. Европын олон орон Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг орлохын тулд цөмийн эрчим хүчний хөгжүүлэлтээ эрчимжүүлж байна. Харин Герамны шинэ засаг захиргаа цөмийн эрчим хүчнээс татгалзах уламжлалт бодлогоосоо ухарч цөмийн гүрэн Франц улстай улам ойртож, хамтарсан цөмийн цахилгаан станцын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Мерц болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төвийг сахиж, өрсөлдөх чадвар, бүрэн эрхт байдалдаа тулгуурлан эрчим хүчний бодлогоо шинэчилнэ" гэж хамтарсан мэдэгдэлдээ дурдсан байна. "Энэ нь технологийн төвийг сахих зарчмыг хэрэгжүүлэх, ех-ны доторх нүүрстөрөгч багатай бүх эрчим хүчийг ялгаварлан гадуурхахгүй байх явдал юм" гэж хоёр удирдагч хэлж байлаа. Цөмийн эрчим хүч Европ даяар эрчимтэй сэргэж байна.