Доналд Трамп, Владимир Путин нар 2 цаг орчим утсаар ярьсан ч хэлэлцээгээр ахиц дэвшил гарсангүй. Доналд Трамп дайсагнагч хоёр улсыг нэн даруй дайны галаа зогсоож, энхийн хэлэлцээр байгуулахыг тулгасан ч Орос улс энэ үйл явц нь хугацаа шаардагдах бөгөөд дэс дараатайгаар аливаа үл ойлголцол, дайны үндсэн шалтгааныг зохицуулсны дараа үр дүн гарах боломжтой хэмээх тайлбарыг өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп "Орос, Украин хоёр нэн даруй гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлж, хамгийн чухал нь дайныг дуусгах болно. Мөн зарим нэг ахиц дэвшил гарч байна.” гэж хэллээ. Тэгвэл Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа дайсагнагч хоёр улсын эрх баригчдыг нүүр тулан уулзуулах ажлыг зохион байгуулж, санаачилга гаргаж байгаа АНУ-ын Засгийн газар, тэр дундаа ерөнхийлөгч Д.Трамп талархал илэрхийлжээ.
Гэхдээ тэрээр хүчин чармайлт зөв замд байгаа гэж хэлсэн ч үйл хэрэгт хугацаа хэрэгтэй болохыг онцлон тэмдэглэжээ. В.Путин "АНУ-ын ерөнхийлөгчийн санал болгосны дагуу бид украин улстай ирээдүйн энх тайвны хэлэлцээрийн санамж бичиг байгуулах саналтай байна. Бид энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна.” хэмээн мэдэгдлээ. Товчхондоо Даваа гарагт болсон Путин, Трамп хоёрын хэлэлцээ хүлээлтэд хүрээгүй гэж шинжээчид хэлж байна. Германы Канцлер Фридрих Мерц Даваа гарагт болсон хэлэлцээний дараа Европын удирдагчид хориг арга хэмжээ авах замаар орост үзүүлэх шахалтаа эрчимжүүлэхээр шийдлээ гэж цахим хуудастаа бичжээ. Харин Д.Трамп Өрнөдийн улс орнуудын адлаар шинэ багц хориг арга хэмжээ зарлахад бэлэн биш байж магадгүй байна. Энэ тухай тэрээр “Хориг арга хэмжээнээс өөр хийх зүйл, бас боломж байгаа гэж бодож байна. Нөхцөл байдлыг дордуулахад хүчин чармайлт шаардлагагүй буюу хориг арга хэмжээ авахад оройтохгүй тул ухрахаас илүү урагшлах нь зөв сонголт” гэх тайлбар өгчээ.