Монгол болон Орос хоёр улсын соёлын салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодруулж, сайжруулах зорилготой “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
- Манай улсад зарим музей болон Соёлын Өвийн Үндэсний төвд биет өвийг сэргээн засварлах мэргэжилтнүүд ажилладаг. Одоогоор Соёлын Өвийн Үндэсний төвд 14 мэргэжилтэн энэ чиглэлд ажилладаг бол судлаачдын дүгнэлтээр мэргэжлийн түвшний 10 гаруйхан сэргээн засварлагч байна.
- Харин улсын хэмжээнд зөвхөн археологийн малтлагаар л гэхэд жилд дунджаар 150-200 гаруй олдвор илэрдэг байна. Тэгвэл улсын хэмжээнд 20 мэргэжилтэн ажилладаг гэж тооцвол нэг мэргэжилтэн 20 гаруй археологийн олдворыг судалж шинжлэн, сэргээн засварлаж, хадгалалт хамгаалалтын судалгааг хийх шаардлагатай болж байгаа юм.
- Гэтэл нэг олдворын сэргээн засварлалтын үйл ажиллагаанд дор хаяж 3-4 сарыг зарцуулдаг байна. Тэгэхээр нэг мэргэжилтэн өөрт ногдох 20 гаруй археологийн олдвортой хамгийн багадаа 6 жил ажиллах шаардлага тулгарч байна.
- Тэгвэл одоогоор манай улсад зөвхөн ШУТИС болон СУИС-д л энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд элсэгчдийн тоо жилд 1-2 л байна. Энэ нь түүх соёлын арвин өвтэй манай улсад чамлахаар тоон үзүүлэлт болж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна.
Улсын хэмжээнд археологийн малтлагаар жилд дунджаар 150-200 гаруй олдвор илэрдэг ч тэдгээрийг сэргээн засварлаж, хадгалж хамгаалах мэргэжилтэн манай улсад дутмаг. Тэгвэл тус салбарын үйл ажиллагааг өргөжүүлж, сайжруулах зорилго бүхий “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал зохион байгуулагдаж, салбарын асуудал, шийдлийг хэлэлцлээ. Мөн салбарын хүний нөөцийн дутагдал, бусад үйл ажиллагааг сайжруулах зорилгоор оху-ын соёлын яамтай хамтран ажиллахаар болжээ.
Хэдэн зуун жилийн түүхтэй манай улсад эртний түүхэн олдворууд олон бий. Олдвор бүр өөрийн гэсэн өнгө төрх, материал хийцийн хувьд ч ондоо байдаг тул сэргээн засварлахад олон төрлийн ур чадвар шаардагддаг. Тиймээс ч олон улсад соёлын өвийг сэргээн засварлах стандартыг бий болгохоор зөвлөлдөж байгаа юм байна. Үүнд манай улс ч мөн нэгдэх хэрэгтэй байна.
Тэгвэл ОХУ, Монгол улсын соёлын өвийг сэргээн засварлаж, хадгалж хамгаалах хамтын ажиллагаа нь олон талын өгөөжтэй бөгөөд хамгийн тулгамдсан асуудал болох хүний нөөцийг бэлтгэх чиглэлд томоохон түлхэц болохоор байна.
Дэлхийн улс орнуудын тодорхой цаг үеийн түүхийн томоохон гэрч нь тухайн цаг үед баригдаж байсан хөшөө дурсгал, барилга байгууламж, түүхэн олдворууд байдаг. Тэдгээрийг сэргээн засварлаж, хадгалж хамгаалснаар зөвхөн хойч үед үлдхээс гадна соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх жуулчдыг татах боломж болдгоороо онцлогтой.