Хүний хөгжлийг сайжруулахад хиймэл оюун ухаан чухал нөлөөтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна
Хиймэл оюуны цар хүрээ өргөжин тэлсээр байгаа энэ цаг үед сөрөг болоод эерэг нөлөөллийг дэлхий дахинаа хэлэлцэж байна. Тодруулбал хүн төрөлхтөнд үзүүлэх хиймэл оюуны нөлөөг өөрсдийн хэрэглээний чадамжыг нэмэгдүүлэн удирдан, чиглүүлэх шаардлагатай гэж НҮБ-аас дүгнэжээ. Улмаар хиймэл оюун болон хүний уялдаа холбоо сайжирч хүртээмжтэй, цогц нийгмийг бүтээх боломж бий болох юм байна.

“Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт НҮБ-ын 2025 оны хүний хөгжлийн итгэл танилцуулагдлаа. Хүний хөгжлийн индекс нь урт удаан эрүүл саруул амьдрал, мэдлэг боловсрол эзэмших боломж, амьжиргааны түвшин гэх 3 үзүүлэлтээр тогтоогддог. Тэгвэл манай улсын хүний хөгжлийн индекс 193 улс орноос 104-р байранд эрэмбэлэгдэж байна. 1990-2023 оны хооронд монголчуудын дундаж наслалт 13 жилээр, сургуульд суралцах хугацаа 3.5 жилээр тус тус нэмэгджээ. Хэдийгээр манай улсын хүний хөгжлийн түвшин өндрөөр үнэлэгдэж байгаа ч цар тахлын жилүүдээс хойш зогсонги байдалд ороод байгаа юм. Иймд хүний хөгжлийг ахиулах, сайжруулахад хиймэл оюуныг хэрхэн, яаж хэрэглэх бодлого, стратеги чухал нөлөөтэй гэдгийг салбарынхан тайлбарлалаа.

Манай улсад хиймэл оюуны хэрэглээ улам тархаж байгаа ч харилцан адилгүй байна. Тухайлбал хөдөө, орон нутаг болон нийслэлийн иргэдийн хэрэглээний чадамж, түвшин ялгаатай юм. Цаашид ч гэсэн тус асуудал зарим хүндрэлүүдийг үүсгэх боломжтой. Иймд нийтэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байлгах асуудалд анхаарч ажиллах юм байна. 

Мөн хиймэл оюуны хэрэглээг үндэсний хэмжээний тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах юм байна. Тухайлбал “Алсын хараа 2050” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарынхан хэлж байсан юм.