Сэтгэл гутрал нь хүний бүтээмж, амьдралын чанар хийгээд цаашлаад улс орны эдийн засаг, нийгэм гээд бүхий л салбарт сөрөг үр дагавар дагуулах эрсдэлт хүчин зүйл. Түүнчлэн сэтгэл гутрал нь бусад сэтгэл зүйн эмгэгтэй хавсрах эрсдэлтэй байдаг байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд манай улсын иргэд сэтгэл зүйн мэнддээ анхаарч, энэ төрлийн мэдлэг, ойлголтоо дээшлүүлж байгаа ч өвчлөлийн тоо ч мөн адил өссөөр байна. Тэгвэл сэтгэл гутрах эмгэгээр өвчилсөн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн байгууллагад хандаж шаардлагатай тусламж, үйлчилгээг авах хэрэгтэй юм байна.
Тэгвэл иргэд мэргэжлийн байгууллагад хандахад хэдэн хэдэн саад бэрхшээл байна. Нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагын боловсон хүчин дутмаг төдийгүй нэгэнтээ сэтгэл гутралд нэрвэгдсэн хүн эмнэлгийн оочир, дарааллыг хүлээж, олон шат дараалал бүхий дамжлагыг давах нь ховор. Харин хувийн байгууллагад хандахад үнэ өртөгийн асуудал дахиад л нэг сэтгэл зүйн дарамтыг үүсгэхүйц байна. Ердөө 1 цагийн тусламж, зөвлөгөөг авхад дунджаар 250 мянган төгрөг шаардлагатай. Гэтэл сэтгэл гутрал ганцхан цаг эмчилгээ хийлгээд эдгэхгүй. Иймд боловсон хүчнийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэйг иргэд хэлсээр байна.
Харин салбарынханы зүгээс иргэдийн хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Тухайлбал үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж үзүүлэх байгууллага, эмч, мэргэжилтнүүд байдаг ч иргэд амар хялбар арга замыг эрэлхийлдэг байна. Мөн төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж бодитой сайжруулалт хийх хэрэгтэй юм.