Аялал зугаалгын цаг эхэлсэнтэй зэрэгцэн хөдөө, орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, хөдөө орон нутаг руу зорчих авто машины тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн байна. Энэ он гарснаас хойш 5-р сарын байдлаар зам тээврийн осол, зөрчлийн 32 мянга орчим дуудлага мэдээлэл тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Мөн энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 122 иргэн амиа алдаж, 764 иргэн гэмтэж бэртсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас баралт 67.1 хувиар, гэмтсэн иргэний тоо 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Зам тээврийн ослын улмаас амиа алдсан тохиолдлын 86.6 хувь нь орон нутгийн замд гарчээ. Орон нутгийн замд осол гарах нь жолооч нарын хариуцлагагүй байдлаас шууд шалтгаалж байна. Тухайлбал хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориотой нөхцөлд хийх, шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэлтэй осол, мал амьтан дайрах зэрэг ослууд зонхилж байна.
Сэрэмжлүүлэг болгох үүднээс та бүхэнд дараах бодит түүхийг хуваалцаж байна.
Зуны сар наашлах үест ээж, хүү хоёроо агаарт зуншиг гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад нутагт нь хүргэхээр хүлгийн жолоо залсан залуугийн гашуун түүх гэнэт санаанд ороод... Тэр гэрээсээ гарахдаа гэргийдээ “Ээж, хүү хоёроо хүргэж өгчихөөд, эргээд хурдан ирнэ ээ” гэж хэлж. Хотын түгжрэлээс гармагц, цаг хугацаатай уралдаад түрүүлэх юм шиг л хаазаа нэмэн 180 км/цагийн хурдтай салхи татуулан давхихад, ээж нь “Миний хүү зөөлөн яв аа. Юундаа яарах вэ дээ” гэхэд нь “Зүгээр ээ ээж, зам сэлүүхэн байна” гэж хурдаа нэмсээр хүрэх газар ч ойртлоо хэмээн бодмоглох зуурт л машин нь жолоодлогоос гарч байгааг мэдэрчээ.
Нүд ирмэх зуур бүх зүйл хяналтаас гарч, хэдхэн секундын дараа сэхээ орж өндийтөл ээж нь цусандаа будагдчихсан хэвтэж байв. Арайхийн машинаас гаргаж, гэнэт хүүгээ санаж “миний хүү” гэсээр хайхад эмээгийнхээ өвөр дээр эрхэлж явсан гуравхан настай хүү нь танигдахын аргагүй болчихсоныг хараад бодит үйл явдалд нэг л итгэхгүй, хар дарсан зүүд шиг санагдаж, зүүднээсээ сэрэхийг хүсэж ээж, хүү хоёрынхоо цогцсыг тэврэн бурханаас түмэнтээ аврал эрэн уйлж, цаг хугацааг буцаамаар байвч нэгэнт хожимдсон байлаа.
"Би ээж, хүү хоёроо алчихсан, алуурчин” гэж ээрч, мууран уйлан ярихыг нь сонсоход зүрх зүсэм... “Ядаж машиныхаа дугуйг шалгаарай, битгий хурдаа хэтрүүлээрэй. Над шиг өөрийнхөө гараар хайртай хүмүүсээ битгий хөнөөгөөрэй. Ээж маань миний гарт үхэх гэж намайг төрүүлсэн гэж үү. Миний хүү дөнгөж гуравхан настай байсан шүү дээ. Би амьд үлдээд яах вэ. Би ч бас үхэх ёстой байсан юм” хэмээн цурхирах залууд амьд үлдсэн нь шийтгэл шиг санагдаж байсан биз.
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсэхгүй. Гэхдээ л хөнөөчихөөд, сэтгэл дотроо үхэж амьдрах шиг харуусал гэж хаа байх вэ. Жаахан л сэрэмжтэй, болгоомжтой, хашир байсан бол гэх шаналалд насаараа ээрэгдэхийн гачлан ганц хоромын хэнэггүйтлээс л үүддэг юм билээ.