Украины дроны цохилтын уршгаар ОХУ-ын шатахуун, түлшний хямрал улам гүнзгийрсэн гэж мэдээллээ

Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилон дроны цохилт өгч байгаа нь тус улсын шатахуун, түлшний гарцыг бууруулж, цаашлаад дотоодын зах зээлд нь нөлөөлж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн ОХУ-д улирлын чанартай эрэлт өсөн нэмэгдсэний уршгаар шатахууны  үнэ өсөж, амьжиргааны өртөгт нөлөөлж, экспортын хязгаарлалт тогтооход хүрсэн гэж мэдээлж байна.

ОХУ-ын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны хомсдол нь алс Дорнодын бүс нутаг, Оросын хяналтдаа байлгаж байгаа Крымын хойг, Украины Запорожье мужууд зэрэг олон арван хэсгийг хамарч байгаа тухай мэдээллээ. Тус улсын боловсруулах үйлдвэрлэлийн гарц, нийлүүлэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр буурч эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байгаа нь Орос улсын эрх баригчдын толгойны өвчин болж байна. Энэ сард шатахууны бөөний үнэ энэ оны эхэн үеийн үзүүлэлттэй харьцуулахад бараг 50 хувиар, жижиглэнгийн шатахууны үнэ он гарснаас хойш 5-6 хувиар тус тус өссөн байна. Эдгээр сорилт нь Оросын нефтийн томоохон компаниудын төдийлөн анхаардаггүй жижиг шатахуун түгээх станцууд, тэр дундаа ложистикийн зардал өндөртэй газруудын шатахууны эрэлтийг туйлд нь хүргэж байна.

ОХУ-ын алс дорнодод шатахууны хомсдол үүсэж БНХАУ-тай хиллэдэг Забайкальскийн бүс нутагт төмөр замын ачаалал ихсэж, тээвэрлэлтэд саад учруулсан гэж орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ. Мөн номхон далайн эрэгт орших Приморье хотын шатахуун түгээх станцууд өсөн нэмэгдэж байгаа эрэлттэй тэмцэж байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын засгийн газар хомсдолоос сэргийлэх, дотоодын нийлүүлэлтийг хангах үүднээс энэ сард шатахууны экспортыг хязгаарлаж, хоригийг есдүгээр сар хүртэл сунгасан. Эрчим хүчний салбарыг хариуцдаг шадар сайд Александр Новак өнгөрөгч даваа гарагт дотоодын түлшний хангамжийн асуудлаар жижиглэн худалдаачид, газрын тос эрчим хүчний салбарынхантай уулзжээ. Энэ үеэр Украины дроны халдлагын уршгаар газрын тос боловсруулах үйлдвэрлэлийнхээ хүчин чадлын 10 хувийг алдсан гэдгээ Александр Новак хүлээн зөвшөөрч, бензин, шатахууны экспортод тогтоосон хоригоо сунгах арга замаар дотоодын зах зээлээ тогтворжуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ.