Даваа гарагт Израилын армийнхан Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын эмнэлэгт пуужингийн цохилт өгсний улмаас эмнэлгийн ажилтнууд, сэтгүүлч зэрэг 20 гаруй хүн амь үрэгджээ. Газын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц төрийн мэдлийн эмнэлэг болох Нассерын эмнэлэг нь Израилын армийн довтолгоонд өртсөн гэж Олон улсын хэвлэлээр мэдээллээ.
Амиа алдагсдын дунд Ройтерс агентлаг, Катар улсад төвтэй Аль Жазира зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан дөрвөн сэтгүүлч, хоёр зураглаач байжээ. Ийнхүү 2023 оны 10-р сард мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан сэтгүүлчдийн тоо 244-д хүрсэн байна. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Израилын армийнхан сэтгүүлчдийн байрласан эмнэлэг рүү хоёр удаа пуужин харвасан нь тэдний амийг санаатайгаар хөнөөх үйлдэл байсан гэж буруутгаж байна.
Тэгвэл Израилын арми Хан Юнис хот болон тус бүс нутагт агаарын цохилт өгснөө хүлээн зөвшөөрсөн ч яагаад ийм цохилт өгснөө хараахан тайлбарлаагүй хэвээр байна. Харин Израилын зарим эрх баригчид халдлагын зорилго нь эмнэлгийн дээвэр дээр байрлуулсан Хамас бүлэглэлийн хяналтын камерыг идэвхгүй болгох байсан гэж мэдээлжээ.