Татварын багц хуулийн төсөлд ХХОАТ-ыг шаталж авах зохицуулалт оруулжээ

УИХ-ын Намрын чуулган ирэх 9-р сард эхэлнэ. Чуулганаар нэн түрүүнд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа хуулийн төсөл бол татварын багц хууль юм. Тус хуулийн төслийг 8 сарын турш боловсруулж байгаа бөгөөд одоогоор санал авах шатандаа явж байна.  Хуулиар ААН болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орчныг бүрдүүлэхийг зорьсон гэдгийг төсөл боловсруулагчид онцолсон бөгөөд иргэд ч хүлээлттэй байгаа юм. Гэвч иргэдэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг тусгаагүй гэдгийг хуульч мэдээлж байна. Өөрөөр хэлбэл татварын багц хуулийн төсөл нь хөдөлмөр эрхэлж иргэдийг дэмжих бус эсрэгээрээ халамжийн дэмжсэн бодлого гаргахад чиглэсэн гэж үзжээ.

УИХ-д суудалтай 5 нам эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татвар шимтгэлийг бууруулна гэдэг амлалтыг өгч өнөөгийн парламентыг бүрдүүлсэн. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон төрлийн татвар шимтгэлийг нэмэгдүүлж иргэдийн нуруун дээрх ачааг нэмсээр байна. Хамгийн ойрын жишээ гэхэд тээврийн хэрэгслийн татварыг 5 дахин нэмэгдүүлсэн нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн. Харин өнгөрсөн 8 сарын хугацаанд иргэдийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой татварын багц хуулийн төслийг боловсруулж олон санал асуулгыг аан, иргэдээс авсан. Тэгвэл УИХ дахь ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг тус хуулийн төсөлтэй холбоотой зарим зүйл заалтыг танилцуулахдаа 500.000 төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө. Мөн 500.000-800.000 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын 50 хувийн чөлөөлөлт олгох, харин ХХОАТ-ын өөрчлөлтөөр сарын 800.000 буюу жилийн 9.600.000 төгрөгийн орлоготой иргэнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлөх зэрэг заалтуудыг тусгажээ

Хэдийгээр  хуулийн төсөлд сайшаалтай зүйл заалтууд байгаа хэдий ч халамжийг дэмжсэн бодлого тодорхойлсон төдийгүй иргэдэд ашигтай зүйл заалтыг тусгаагүй гэж хуульч үзэж байна. Тухайлбал уул уурхай, барилгын салбарт ажиллагсад зэрэг богино хугацаанд ачаалалтай ажиллаж өндөр орлого олдог иргэдээс өндөр татвар авах бодлого тусгажээ. Иргэн хэдий чинээ их хэмжээний цалин авна тэр хэмжээгээр татвар төлөх зүйл заалтыг тусгаж байгаа нь тэгш бус байдлыг үүсгэж байгаа юм.

Татварын багц хуулийн төслийн хүрээнд олон удаагийн хэлэлцүүлэг санал асуулга явагдсан. Одоогоор эцсийн байдлаар бүрэн боловсруулагдаагүй бөгөөд санал авах шатандаа явагдаж байна. Тэгвэл уг хуулийн төслийг ирэх Намрын чуулган эхэлмэгц УИХ-аар хэлэлцэгдэх хүлээлттэй байна.