Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 5000 хүн 2 дугуйт тээврийн хэрэгсэл ашигладаг гэх судалгаа бий. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ ихсэж үүний улмаас гэмтэж бэртэх хүүхдийн тоо буурахгүй байна. Зөвхөн энэ оны эхний 6 сарын байдлаар 18 хүүхэд 2 дугуйт тээврийн хэрэгсэл унах үедээ зам тээврийн осолд орж, амиа алджээ. Иймээс холбогдох албаныхан хуралдаж насанд хүрээгүй хүүхэд мопед, суррон, скүүтэр унахыг хориглож, аппликейшнээр хянах зохицуулалтыг төлөвлөжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр, сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2022–2024 онд унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэр, суррон зэрэг цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдсэн 887 осол, гэмтэл бүртгэгджээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 3146 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, зөвхөн энэ оны эхний 6 сарын байдлаар цахилгаан моторт тээврийн хэрэгсэл унаж явах үедээ осолдож амиа алдсан 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Осолд өртөж байгаа иргэдийн дийлэнх нь насанд хүрээгүй хүүхэд байна. Иймд насанд хүүхэд 2 дугуйт тээврийн хэрэгсэл унахыг хориглож, аппликейшнээр хөгжүүлэлт хийн 2 дугуйт тээврийн хэрэгслийн зөв хэрэглээний талаарх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаас санал гаргаад байна.
2 дугуйт тээврийн хэрэгслийг хэрэглээ эрчимтэй нэмэгдсэнээс хойш шийдвэрлэх тухай асуудал яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл зохицуулалт хийгдээгүй хэвээр байна.