Ботсвана улсын ерөнхийлөгч эмийн төрлийн бүтээгдэхүүний хангамж нь тасарсан тул онц байдал зарлажээ

Ботсвана улс нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд өртсөн тул тус улсын Ерөнхийлөгч нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлажээ. Өнгөрөгч Мягмар гарагт Ботсвана улсын ерөнхийлөгч Дума Боко нийлүүлэлтийн сүлжээний хямралаас гарч, эмийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангахын тулд бүхий л арга хэмжээг авч байна гэж мэдээллээ.

2.5 сая хүн амтай Ботсвана бол алмаз олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч, Африк тивийн хамгийн амжилттай, өсөж яваа эдийн засагтай улс гэгддэг байсан ч сүүлийн жилүүдэд зах зээл нь хумигдаж, эдийн засаг нь хүндэрсэн байна. Мөн тус улс дахь санхүүгийн нөхцөл байдал болон эмийн бүтээгдэхүүний хомсдол нь АНУ-ын засгийн газар гадаад тусламжаа үлэмж хэмжээгээр танасантай холбоотой байна. Эдгээр шалтгааны уршгаар ажилгүйдэл, ядуурал өндөр түвшинд хүрч, дан ганц алмазын олборлолт нь Ботсвана улсын хөгжлийн гарц биш гэж үзэхэд хүргэжээ.

Харвардын их сургуулийг дүүргэсэн, хуульч мэргэжилтэй, өдгөө 55 настай Дума Боко өнгөрсөн оны сүүлээр болсон сонгуульд ялж, сүүлийн 58 жил төр барьсан намаа түлхэн унагаснаар засгийн эрхэнд гарчээ. Тэрээр алмазаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулж, цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний хямралыг засаж сайжруулах, барааны үнийн өсөлтийг буулгахаа амлан сонгуульд ялалт байгуулсан байна.