Ирэх өвөл айл өрх, ААНБ-ууд хагас коксжсон нүүрс болон сайжруулсан шахмал түлшийг өөрсдийн сонголтоор хэрэглэнэ

Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үед Улаанбаатарчууд ямар түлш хэрэглэх нь асуулт байсан бол нийслэлээс гаргасан шийдвэрийн дагуу хагас коксжсон нүүрс болон шахмал түлшийг хоёуланг нь хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл,  нийслэлийн засаг даргын орлогчийн мэдээлснээр БНХАУ-аас хагас кокс нийлүүлэх тендерийн гэрээг ойрын хугацаанд хийх юм байна.

—Нийслэлчүүдийн ирэх өвлийн хэрэглээнд зориулж БНХАУ-аас 306 мянган тонн хагас коксжсон нүүрсийг импортлоно. Харин дотоодын нөөцөөс 40 мянган тонн мидлингтэй түлш буюу сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөжээ.

—Сайжруулсан шахмал түлшийг ирэх 9 дүгээр сарын 15-аас нийслэлд нийт 400 цэгээр борлуулж эхлэх юм байна. Харин хагас коксжсон нүүрсийг 10 дугаар сарын 1-ээс мөн тус цэгүүдээр борлуулах юм. Ингэснээр айл өрх, ААНБ-ууд өөрсдийн сонголтоор аль ч түлш нүүрсийг хэрэглэх боломжтой.

—Ирэх өвлийн хэрэглээнд зориулсан 306 мянган тонн хагас коксжсон нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр авахаар гэрээнд тусгажээ. Эхний ээлжид 159.7 тэрбум төгрөгт 222 мянган тонныг энэ онд багтааж авах бол ирэх оны эхээр үлдсэнийг нь авахаар төлөвлөсөн байна.

—Хагас коксжсон нүүрсээр нийт агаарын бохирдлыг 29 хувиар, харин гэр хорооллын яндангаас үүссэн бохирдлыг 45–50 хувиар бууруулах тооцоо гаргажээ.

Олон жил ярьсан утаагүй өвөл ирэхгүй байсаар, энэ удаа нийслэлийн удирдлагууд хагас коксжсон нүүрсийг “Аврал” болгон зарлалаа. Ингэхдээ БНХАУ-аас импортлохоор болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Учир нь манай улс урд хөршид нүүрс экспортлогч гол орнуудын тоонд зүй ёсоор багтдаг ч эргээд хагас коксжсон нүүрсийг импортолж авна гэдэг нь алдаа мадагтай гэж үзэж байна.

Тэгвэл нэгэнт шийдвэр гарч нийслэлийн удирдлагууд ирэх өвлийн хэрэглээнд зориулсан 306 мянган тонн хагас коксжсон нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр авахаар гэрээнд тусгажээ.

Утаагүй хотын төлөөх хүслийг олон жил дэврээсэн ч, бодит шийдэл нь коксжсон нүүрстэй нүүр тулах байжээ. Нийслэлийн удирдлагуудын мэдээлж буйгаар хагас коксжсон нүүрсээр нийт агаарын бохирдлыг 29 хувиар, харин гэр хорооллын яндангаас үүссэн бохирдлыг 45–50 хувиар бууруулах тооцоо гарчээ. Харин тус бодлого иргэдийн амьдрал, нийслэлийн утаанд бодит байдал дээр хэрхэн нөлөөлөхийг ирэх өвөл ажиглаж болох юм байна.