Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос цар тахлын үеэс эм нийлүүлэн хангаж байсан төрийн болон хувийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүйгээс нийт өр 250 тэрбум төгрөгт хүрсэн гэж мэдээллээ. Үүний улмаас эмийн нөөц багасаж, эм нийлүүлэлтийг зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Хэрэв эрүүл мэндийн байгууллагуудад эм нийлүүлэлт зогсвол иргэдийн эмийн хэрэглээ тасалдаж, цаашлаад илүү хүнд нөхцөл ч үүсэх эрсдэл бий болоод байна.
Эм, эмнэлгийн багаж, хэрэгсэл ханган нийлүүлдэг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос мэдэгдэл гаргаж, эрүүл мэндийн байгууллагуудад эм нийлүүлэх үйл ажиллагааг таслан зогсоож болзошгүй гэжээ. Учир нь цар тахлын үеэс буюу 2022 оноос хойш эрүүл мэндийн байгууллагууд гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй. Улмаар өрийн хэмжээ 250 тэрбум төгрөгт хүрчээ. Ийнхүү төлбөрийн өр хуримтлагдсанаар дахин эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх боломжгүй болсон төдийгүй худалдан авалт хийх мөнгөгүй тул эмийн нөөц дуусахад хүрч байгааг холбооноос онцгойлон анхааруулжээ. Тэдний тооцоолж буйгаар энэ оны сүүл гэхэд нөөц дуусаж, эм, эмнэлгийн багаж төхөөрөмжгүй болно гэсэн юм.
Эм нийлүүлэн хангах байгууллагуудын эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрч эм хангамжийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдох бодит нөхцөл бүрдээд байна. Тус салбар хүндрэлд орсон энэ үед Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Тус асуудлаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад эм, эмнэлгийн багаж, хэрэгслийн өрийн асуудал байхгүй. Энэ оны эхний улиралд бүх өрийн асуудлыг тэглэсэн гэж мэдээллээ.
Ийнхүү эрүүл мэндийн салбарын өр, төлбөрийн асуудал удаашран шийдэгдээгүй хэвээр үргэлжилбэл эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол нэмэгдэж, эмийн зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн дунд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байна.