Өнгөрөгч Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины газар нутагт Европын энхийг сахиулагчдыг байршуулах төлөвлөгөөг ОХУ эрс эсэргүүцэж байгаа гэж мэдэгдлээ. Тэрээр “2022 онд цэргийн тусгай ажиллагаа явуулах анхны бөгөөд үндсэн шалтгаануудын нэг нь НАТО-ын тэлэлтийг зогсоох хэвээр байгаа” хэмээн анхааруулсан мэдэгдэл гаргажээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины дайны дараах зохицуулалтын нэг хэсэг болгож Өрнөдийн энхийг сахиулагчдыг фронт руу илгээх төлөвлөгөө байж болзошгүй гэсэн мэдээлэлд хариу өгсөн байна. Тэрээр “Бид ийм яриа хэлэлцээг сөрөг талаас нь харж байгаа” гэж сэтгүүлчдэд хэллээ.
Өнгөрсөн мягмар гарагт "Financial times" сонин Украин болон түүнийг Барууны холбоотнууд Киевийн аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болгон гурван түвшний батлан хамгаалах төлөвлөгөө боловсруулсан гэж мэдээллээ. Уг төлөвлөгөөний дагуу төвийг сахих статус баримталж байгаа гуравдагч орны энхийг сахиулагчид фронтын шугамд эргүүлийн цэрэггүй бүс байгуулах, харин тэдний ард НАТО-д бэлтгэгдсэн Украины цэргүүд хилийн зурвасаа хамгаалах, үүгээр зогсохгүй АНУ-ын дэмжлэгтэй Европын саатуулах хүчний гурав дахь хамгаалалтын шугамыг бүрдүүлэх зэрэг багтаж байна. Түүнчлэн Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак Европын 4-5 бригад, мөн АНУ-аас стратегийн тусламж, агаарын довтолгооноос хамгаалах баталгаа авах боломжтой гэж мэдэгдсэн байна. Харин Лхагва гарагт Дмитрий Песков төвийг сахисан гэгддэг улс орнууд нь ихэнхдээ НАТО-ын гишүүд гэдгийг хэлж, НАТО-ын цэрэг Украины газар нутагт хөл тавихаас урьдчилан сэргийлэх нь цэргийн тусгай ажиллагааны анхны хөдөлгөгч хүчний нэг байсан хэмээн цааш дурдсан байна. Гал зогсоож, энх тайван тогтооход дайсагнагчдын хооронд ойлголцлын зөрүү гарч байгаа юм. Тухайлбал Украин Оросын ирээдүйн дайралтаас урьдчилан сэргийлэхийн тулд барууны дэмжлэгтэй баталгааг эрэлхийлж байгаа бол Москва дайныг зогсоох нөхцөл болгож зүүн зүгт илүү их газар нутаг өгөхийг Киевээс шаардаж байгаа юм.