ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр сургуулиудын ачаалал хэтэрч байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд 3 хоног үлдлээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 78 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэж байгаагаас 50 гаруй хувь нь нийслэлд бүртгүүлжээ. 1-р ангийн элсэлтийг И-Монголиагаар дамжуулан бүртгэдэг болсноор зарим сургуулийн харьяаллаас шалтгаалан нэг ангид 70 гаруй хүүхэд суралцахаар хуваарилагдсан нь эцэг эх, асран хамгаалагчдын дунд шүүмжлэл дагуулаад байна.

Шинэ хичээлийн жил өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа ч боловсролын салбар тойрсон асуудал ар араасаа хөвөрсөөр байна. Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 141-р сургуулийн 1-р ангийн элсэгчид нэг бүлэгт 70-уулаа суралцах нөхцөл үүсжээ. 

Ерөнхий боловсролын сургуулийн батлагдсан стандартад 1 дүгээр ангийн нэг бүлэгт ихдээ 20-24 сурагч, 2-12 дугаар ангид 30 хүртэлх сурагч суралцана гэж заасан байдаг. Гэвч бодит байдалд сургуулийн хүртээмж, хүн амын өсөлтөөс шалтгаалан стандарт хэрэгжихгүй байна. 141-р сургууль нийт 960 хүүхэд хүлээн авах чадалтай боловч энэ хичээлийн жилд зөвхөн 1-р ангид л 900 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Тиймээс тус сургууль 300 гаран хүүхдийг салбар сургуульдаа шилжүүлэн, 20 гаруй хүүхдийн хүсэлтийг эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтээр түдгэлзүүлэн 630 хүүхэд элсүүлэхээр болоод байгаа юм. Ингэснээр тус сургуулийн 1-р ангийг 9 бүлэгт хуваарилан, 1 бүлэгт 70 хүүхэд ногдож байна. Энэ нь зөвхөн цахим бүртгэлээр бүртгэгдсэн хүүхдүүд бөгөөд хэрэв яг энэ байдлаараа 1 ангид 70 хүүхэд суралцахаар бол дахин хэд хэдэн бүлэг нэмж, 1 ангид дунджаар 40-өөс 48 хүүхэд байхаар хуваарилахаар төлөвлөжээ.

141-р сургуулийн бүс нутагт нягтаршил их бөгөөд жилээс жилд 1-р ангид элсэгчдийн тоо нэмэгдэж байна. Иймээс тус сургууль 3 ээлжид шилжиж, энэ жил гэхэд зөвхөн 3-р ангийн сурагчдыг оройн ээлжид хичээллүүлэхээр шийдвэрлэжээ. Нөхцөл байдлыг харгалзан үзэж сургуулийн захиргаа болон хамаарах эрх бүхий байгууллага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх боломжтой байр хайсан ч олдохгүй байгаа бөгөөд төр, засгаас энэ асуудалд шийдэл гаргаж өгөхийг хүсэж байгаа юм.