АН-ын дүрмийн дагуу намын даргад өрсөлдөх хүн үндэсний бодлогын хороонд багадаа 4 жил ажилласан байх ёстой гэж заажээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна. Энэхүү хурлаар намын дүрэм, хөтөлбөрийг хэлэлцэх төдийгүй намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх хороог байгуулах юм. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ажлаа өгнө гэж мэдэгдсэнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн тул дараагийн суудалд хэн суух вэ гэдэг асуулт олон нийт болоод улс төрчдийн дунд хүлээлт үүсгээд байна. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй улс төрчид ардчилсан намын даргад нэр дэвшихээ зарласан ч намын дотоод журмын дагуу зарим гишүүд хасагджээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, их хурлын товыг гаргах юм. Тус намын үндэсний бодлогын хорооны хурлаар намын их хурлыг зарлахаас гадна үндсэн дүрмээ өөрчлөх шаардлагатай гэсэн гишүүдийн хүлээлт байгаа юм. Учир нь АН-ын нэр бүхий гишүүд намын их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн баталсны дараа, намын даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэх шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч намын зарим гишүүдийн зүгээс шинээр намд элссэн гишүүдэд зориулж үндсэн дүрэм журмаа өөрчлөх шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлж байсан юм. 

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн дүрмийн дагуу намын даргаа сонгох шийдвэр гаргасан байна. Ийнхүү ардчилсан намын даргыг сонгохдоо дараах дүрмийг баримтлах юм байна. Намын даргад нэр дэвшигч нь үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр)-ээр 4-өөс доошгүй жил ажилласан гишүүн байна гэж заажээ. Улмаар намын даргад нэрээ дэвшүүлээд байсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нар даргын суудалд өрсөлдөх боломжгүй болсон юм. Харин намын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар нэрээ дэвшүүлэх боломжтой бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.  Ардчилсан намын ҮБХ нь 360 орчим гишүүнтэй. Энэ удаагийн ҮБХ-ны хурал өндөр ирцтэйгээр үргэлжилж байгаа бөгөөд намын дүрэм, хөтөлбөрийг хэлэлцэх төдийгүй намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх хороог байгуулах юм.