Өнгөрөгч Даваа гарагт Балба улсын иргэд фейсбүүк, инстаграм зэрэг платформ руу нэвтрэх эрхийг хязгаарласан засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ. Харин эсэргүүцлийн жагсаалын үеэр 19 жагсагч цагдаа нартай мөргөлдсөний улмаас амиа алдсан гэж өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Балбын Засгийн газраас Youtube болон X зэрэг платформуудыг идэвхгүй болгох алхам хийсний хариуд тус улсын нийслэл Катманду болон бусад хэд хэдэн хотод эсэргүүцлийн арга хэмжээ өрнөжээ. Эхэндээ жагсагчид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан ч Засгийн газраас нь хариу мэдэгдэл хүргүүлээгүй тул жагсагчид тэмцлийн хэлбэрээ өөрчилсөн гэж мэдээллээ.
Эдгээр цахим платформын оператор компаниас Балбын эрх бүхий байгууллагад бүртгүүлэх Засгийн газрын шаардлагыг биелүүлээгүй гэж албаны тайлбарт дурджээ. Энэ нь кибер болон үзэн ядалтын гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой гэж Балбын эрх баригчид мэдэгдсэн байна.
Жагсагчид цагдаагийн хаалтыг нэвтэлж парламентын ордон руугаа нэвтрэх гэж оролдох үеэр мөргөлдөөн улам ширүүсэж, олон арван жагсагч амиа алдахад хүрчээ.
Балбын Засгийн газар эмх замбараагүй байдлын эсрэг авах арга хэмжээнийхээ талаар хэлэлцэхээр шуурхай хуралдаан зарласан байна.